
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд дэгдэх магадлалтай “Худалдааны дайн”, Тайвань болон Өмнөд Хятадын тэнгис дэх сөргөлдөөн, БНАСАУ-ын тааварлашгүй үйлдлүүд 2025 онд Азийн улс төрийн тайзнаа ноёрхох төлөвтэй. Ялангуяа энэ бүс нутаг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай ямар харилцаатай байхаас олон зүйл шалтгаалах юм.
Ази тивд геополитикийн савлагаатай жилийн урьтал болж буй гол анхаарал хандуулах хүчин зүйлсийг “Bloomberg”-ийн нийтлэлч Каришма Васванигийн тодорхойлсноор хүргэж байна.
Дональд Трамп, Ши Жиньпиний нөхөрлөл ирээдүйг тодорхойлно
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын өрийн тэргүүний хооронд нөхөрлөлийн гал дахин асах уу? Чухам энэ л Дональд Трампын хоёр дахь засаглалын дор хоёр улсын стратегийн өрсөлдөөн хэрхэн явагдахыг шийдэхээр байна. БНХАУ-ын экспортын бараанд 60 хүртэлх хувийн тариф ногдуулах Дональд Трампын сүрдүүлэг Бээжингийн санааг цаг үргэлж чилээж буй нь тодорхой.
“Bloomberg Economics”-ийн тооцооллоор тариф үнэхээр хэрэгжвэл БНХАУ-ын АНУ-д хийх экспорт 83 хувиар буурахаар байна. Өсөлт удааширч, орон сууцны зах зээлийн хямрал сунжирч, ажилгүйдэл нэмэгдсээр буй энэ цагт Ши Жиньпин дахин нэг худалдааны дайн гарах эрсдэлийг арилгах арга зам идэвхтэй хайх болно. Хоёр удирдагчийн нүүр тулсан уулзалт эрт байх тусам Бээжингийн Вашингтонтой тохиролцоонд хүрэх хүчин чармайлт амжилтад хүрэх магадлал төдий чинээ нэмэгдэх юм.
Тайвань Дональд Трамптай учраа олох гэж зүдэрнэ
Харин Ши Жиньпиний хэзээ ч хэлэлцээ хийхгүй нэг сэдэв нь Тайвань. Өөртөө засагладаг тус арлыг БНХАУ нэг хэсгээ гэж үзэж, хожим нэгдэх нь зайлшгүй гэдэг. 2049 он гэхэд дэлхийн тэргүүлэх гүрэн болох “Хятад үндэстний их мандан бадрал” зорилтдоо мөн Тайванийг багтаасан байдаг. Харин Тайванийн хувьд энэ нь оршин тогтнолын хэмжээний хямрал болж буй. Бээжингээс Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэгийн засаг захиргааг салан тусгаарлагчдын бүлэгт тооцож, АНУ-ын зүгээс тэдэнд аливаа дэмжлэг үзүүллээ л бол давах ёсгүй “улаан шугам”-ыг давлаа гэж үзнэ.
Жо Байдены үед Лай Чин Тэ АНУ-ын батлан хамгаалахын дэмжлэгт найдаж байсан бол Дональд Трампын засаглал дор юунд ч найдах боломжгүй. Тиймээс тэд зэвсэглэлээ үргэлжлүүлэн сайжруулж, хажуугаар нь дипломат талбарын нарийн тоглолт хийх шаардлагатай болж байна.
БНАСАУ, ОХУ илүү ойртоно
2025 онд АНУ-ын гадаад бодлого Украины дайн, Израил ба Газын зөрчил, Сирийн хямрал, БНАСАУ-ын өдөөн хатгалгад ихэвчлэн төвлөрөх төлөвтэй. Тэр дундаа Вашингтоны шинэ захиргааны хувьд БНАСАУ-ын асуудал Ази дахь гол шүдний өвчин нь болохоор байна. Ким Жон Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө тэлэх талаар дуугарах нь нэмэгдэж, өдгөө бүр энэ зорилтдоо хүрэхэд нь дуртайяа туслах түнштэй болоод байгаа. Москвагийн дэмжлэгийн хариуд Ким Жон Ун цэргүүдээ ОХУ-д туслуулахаар Украины фронтын шугам руу илгээгээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайснуудаа бүрэн дарах арга зам хайж буй энэ үед уг түншлэл улам бэхжих магадлал өндөр. Түүнд одоо юу юунаас илүү цэргийн хүч л хэрэгтэй байгаа.
БНСУ-ын улс төрийн асуудал Бээжинд ашигтай
БНАСАУ ОХУ-тай харилцаагаа зузаатгаж буй үетэй давхцан бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотон улс дотоодын улс төрийн том асуудалтай тулгарав. Ойрын хэдэн сард шинэ сонгууль болох учраас БНСУ-ын бэрхшээл одоо л эхэлж байна. Удирдлага солигдсоноор Бээжинтэй илүү ойр харилцаатай шинэ засаг захиргаа бүрэлдэх магадлалтай. Огцрох асуудалд орсон одоогийн Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бодлого Вашингтон руу илүү хэвийдэг байсан юм.