
Зургийг: Bertha Wang/Bloomberg
Хонконгийн үл хөдлөх салбарын уналт эрчимжиж, үнэлгээ нь 270 тэрбум ам.доллароор буурлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт 2019 оноос хойш тав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ нь 20 жилийн өмнө “SARS” вирусийн тархалт дэгдсэнээс хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт болж буйг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна. “UBS” болон “CBRE” группийн шинжээчид тус салбарын уналт улам эрчимжих магадлалтай байна гэж үзэж байгаа аж.
Хонконг нь Нью-Йорк, Лондон зэрэг бусад томоохон хотуудын нэгэн адил бодлогын хүүгийн өсөлт, санхүүгийн салбарын ажлын байрны хомсдол зэргээс үүдэлтэй сорилтуудтай тулгарч байна. Хэдий тийм боловч Хонконг дахь үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь Азийн тэргүүлэх санхүүгийн төвийн статус хөндөгдөхөд хүргээд байгаа юм.
2019 оны ардчиллыг дэмжсэн жагсаал цуглааны улмаас БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин бодлогоо чангалаад байжээ. Үүний нөлөөгөөр тус хотын үл хөдлөх хөрөнгийн салбарын эрэлтийг хөөргөж байсан гаднын компаниуд Хонконгоос дүрвэж эхэлсэн байна.
АНУ, БНХАУ-ын сөргөлдөөн эрчимжиж буй энэ үед барууны хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын компаниудыг холбох Хонконгийн байр суурийг ганхахад хүргэж байгаа аж. Улмаар Тайванийн асуудлаар АНУ-аас хориг тавьж, нөхцөл байдал даамжрах эрсдэлтэй байна.