
Дэлхийн “супер чинээлэг” эрхмүүдийн клуб дэх 100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй гишүүдийн тоо анх удаа 15 хүрсэн байна. Тэрбумтнууд хиймэл оюун, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний эрэлт, геополитикийн шилжилтийн давлагааг “хөлөглөсөн” нь үүнд нөлөөлжээ.
“Bloomberg Billionaires Index”-ээс харвал 100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй эрхмүүдийн нийт хөрөнгийн хэмжээ энэ онд 13 хувиар өсөж, 2.2 их наяд ам.доллар хүрсэн нь инфляц болон хөрөнгийн зах зээлийг өсөлтөөрөө давсан үзүүлэлт болж байна. Өдгөө тэдэнд дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний нийт хөрөнгийн бараг 25 орчим хувь нь ногдож байгаа аж.
Хэдийгээр тэд өмнө нь 100 тэрбум ам.долларын хөрөнгийн босгыг нэг бус удаа давж байсан ч бүгд нэгэн зэрэг зэрэг ийм хэмжээний хөрөнгөтэй болсон нь анхны тохиолдол юм.
Сүүлийн таван сарын хугацаанд 100 тэрбум ам.долларын босгыг давсан эрхмүүдийн жагсаалтад “L’Oreal”-ийн өв залгамжлагч Франсуаз Беттенкур Майерс, “Dell”-ийн Үүсгэн байгуулагч Майкл Делл, Мексикийн тэрбумтан Карлос Слим нар багтжээ.