Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт улсын хэмжээнд оны эхний улиралд өмнөх улирлаас эрчимжиж, 7.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болжээ. Өсөлтийг уул уурхайн олборлолт болон тээврийн салбарын үзүүлэлтүүд голлон бүрдүүлсэн байна.
Хөдөө аж ахуйн салбар оны эхний улиралд 1.3 хувиар агшсан бол бусад салбар өсөлттэй гарсан байна. Энэ дундаас 4.1 нэгж хувийг үйлчилгээ буюу тээврийн салбар, 2.1 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар, 1.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлжээ.
Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, 3.6 хувь болгоод байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарт тулгарсан зудын эрсдэл 2024 оны эдийн засгийн таамгаа эргэн харахад хүргэжээ. Харин бусад салбар зургаа орчим хувиар өсөхөөр байна гэж мэдээлж байсан юм.
Хамгийн өндөр хувийг эзэлж буй үйлчилгээний салбарын тээвэр, мэдээлэл холбооны салбарын нэмэгдэл өртөг өссөн нь гол нөлөөлсөн байна.