
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард БНХАУ-д айлчлах үедээ “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төсөл дээр тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй мөн л тохиролцоонд хүрч чадаагүй тухай мэдээлэл гарсан юм. Энэ талаар “Bloomberg”-ийн нийтлэлч Дэвид Фиклиний нийтлэлийг хүргэж байна.
Дахиад л ганзага хоосон
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзалдах болгонд явж байдаг сүржин үгс, харилцан магтаалын цаана ахлах сургуулийн сэдэвтэй кинон дээр гардаг хайр дурлалын гурвалжин шиг сонсогдох агуулга нуугдаж байдаг.
Дэлхий нийт байгалийн хийгээр нь “өлсөнө” гэдэгт хоёр жилийн өмнө Москва дэндүү итгэлтэй байж, Украин дахь эзлэн түрэмгийллээ үргэлжлүүлэхийн тулд гол үйлчлүүлэгч Европын Холбоог хаяж байлаа. БНХАУ хэмээх шинэ худалдан авагч нь бэлэн хүлээж байгаа болохоор энэ эрсдэлийг үүрч чадна хэмээн Владимир Путин тооцоолсон байна.
Гэтэл Ши Жиньпиний бодол өөр байжээ. Түүнээс хойш хоёр удирдагч уулзах бүрд ОХУ-БНХАУ-ын дамжуулах хоолойн хэлцэл хаяанд ирснийг Москвагаас амласан тухай хэвлэлүүд уралдан мэдээлж байлаа. Гэвч тэр болгонд Владимир Путин ганзага хоосон гэртээ буцсаар байсан юм.
Үнэндээ энэ нь тийм ч гайхаад байхаар зүйл биш. БНХАУ-ын байгалийн хийн эрэлт өссөн хэвээр боловч хэрэгцээг нь бүр 2030 он гартал хангалттай бүрдүүлэхээр олон тооны гэрээ хэлцэл аль хэдийн байгуулаад байна. Үүгээр зогсохгүй цэнэг хураагуур, ногоон устөрөгчийг ч боломжит сонголтоор сонирхох болжээ.
Хүндрүүлэх тусам ашигтай
Сүүлд Владимир Путин “Умардын урсгал” хоолойг ашиглан Европт дарамт үзүүлэхийг оролдсон шиг эрчим хүчээр дамжуулан барьцаалах аргыг Бээжин сайн мэднэ. БНХАУ-ын Засгийн газар Москватай харилцаагаа ойртуулснаасаа болж Вашингтоны хурц шүүмжлэлд өртөж байхад нөгөө талд Владимир Путин хийн хоолойн хэлцэлд гарын үсэг зуруулахын тулд бүр ч арга ядсан буултууд санал болгож буй шинжтэй. Тоглоомыг хүндрүүлэх тусам Ши Жиньпинд ямар үр ашиг ирэх нь харваас илт.
Өнгөрсөн сард Владимир Путины Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлал нөхцөл байдлыг бүр ч тодорхой болгож өглөө. Айлчлалын өмнө ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак уламжлал ёсоор хүлээлтийг дэвэргэж байв. Харин айлчлалаас хоосон буцсаныхаа дараа хийсэн Владимир Путины өөрийн мэдэгдэл нь илүү эрүүл дүгнэлт гэж болохоор байсан юм.
“Энэ бол ямагт төвөгтэй үйл явц байсаар ирсэн” хэмээн тэрбээр ОХУ-ын хэвлэлд ярьсан. Ингэснээр “Gazprom” компанийн дөрвөн жилийн судалгаа, загварчлалын ажлын эцэст Монголын нутгаар дамжих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн анхны төлөвлөгөө цуцлагдсан байх магадлалтай болов. Владимир Путины дэвшүүлснээр дээрхийг орлож болох хоёр сонголт нь нэлээд ялгаатай. Эхнийх нь анхны маршрутаараа хоолойг барих боловч нэмэлтээр газрын тосны хоолой зэрэгцүүлэн тавих. Эсвэл Хойд мөсөн далайгаар шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) тээвэрлэлтийн шинэ чиглэл бий болгох. Сүүлийнх нь “бараг л хийн хоолойгоос ялгаагүй” хэмээн тэрбээр нэмж дурдсан юм.
Хэдий тийм боловч өөдрөг үгс нь Ерөнхийлөгчийн “цаанаа гомдолтой” өнгө аясыг нууж чадсангүй. Дээрх хоёр сонголтын аль нь ч Владимир Путины гарын үсэг зурахаар найдсан хэлцэл огт биш.
Орлож чадахгүй хувилбарууд
БНХАУ-ын хэрэглээ барагтаа өсөхгүй байгаа тул газрын тосны шинэ хоолойгоор нэмэлт эрэлтийг хангах магадлал бага. Цахилгаан автомашинууд дизель түлшний зах зээлийг хумьж буйг “China National Petroleum” мэдээлсэн. Оронд нь ОХУ олон зуун мянган тонн ган хоолойгоор БНХАУ-д газрын тосны нэмэлт эх үүсвэрийн сонголт өгч байгаа хэрэг юм. Томоохон нөхцөл мөргөлдөөн үүссэн нөхцөлд АНУ-аас Сингапур, Малаккийн хоолойг хааж, эрчим хүчний нийлүүлэлтийг нь тасалдуулах эрсдэл бий.
Хоёр дахь хувилбар болох LNG тээвэрлэлтийн чиглэл ч үүнтэй төстэй үр дагавартай. Тэр нь Владимир Путины тайлбарлаж байгаа шиг дамжуулах хоолойтой адил гэвэл огт үгүй. Эн тэргүүнд хийг шингэрүүлж, дахин хийжүүлэх зардал бий. Дараа нь АНУ, Европын “ноу-хау”-ийн хоригийн нөлөөгөөр логистикийн сорилтуудтай тулгарна. Ингэснээр анхны төлөвлөгөөнөөс хамаагүй хүндрэлтэй, үнэтэй тусна. Мөн экспортлох хэмжээ маш бага байх нь мэдээж. “Сибирийн хүч-2” жилд 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх зорилготой байсан нь ОХУ-ын байгалийн хийн нийт экспортоос ч илүү тоо байсан юм.
Дашрамд дурдахад, БНХАУ өртгийн хувьд экспортын хийтэй өрсөлдөх чадвар бүхий ногоон устөрөгчийн түлшинд 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, бас "Сибирийн хүч-2"-той ижил хэмжээтэй дамжуулах хоолойг Туркменистан руу барих бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй үргэлжлүүлж буй юм.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com