
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Samsung Electronics” компани хиймэл оюунт бүтээгдэхүүнийхээ цар хүрээг өргөжүүлж, борлуулалтаар тэргүүлдэг өндөр зэрэглэлийн зурагтын загварууддаа “Vision AI” брэнд нэрийн дор цогц сайжруулалтууд нэвтрүүлэхээр болсон байна.
Тус компанийн хиймэл оюунт процессороор тоноглогдсон зурагтууд нь дэлгэцээр гарч буй дүрсний талаар мэдээллийг цахим орчноос хайдаг болох тул үзэгчид телевизээр гарч буй жүжигчний нэр, бүтээгдэхүүний мэдээлэл зэргийг хялбархан олох боломжтой аж. Түүнчлэн нэвтрүүлэгт шууд орчуулга хийх, хэрэглэгчид тусгайлан зориулсан контент олох, дүрсний өнгө тодруулах, дуугаралт сайжруулалт зэрэг олон шинэлэг функцтэй байхыг “Samsung Electronics” компани АНУ-ын Лас Вегас хотноо болж буй CES арга хэмжээний үеэр танилцуулжээ.
“Samsung Electronics” компани зурагтыг зөвхөн ганц чиглэлийн үйл ажиллагаатай пассив төхөөрөмж бус, харин таны хэрэгцээнд нийцэн өөрчлөгддөг интерактив, ухаалаг түнш гэж хардаг" хэмээн тус компанийн дэлгэцийн бизнесийн захирал онцолжээ.
Сүүлийн бараг 20 жилийн турш зурагтын борлуулалтаар дэлхийд тэргүүлж буй “Samsung Electronics” компани “Vision AI” бүтээгдэхүүнээ цаашид өргөжүүлж, нэмэлт функцүүд нэвтрүүлэхийн тулд “Microsoft”, “Google” компанитай хамтран ажиллахаа мөн мэдээлжээ.