logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Түүхий эдийн мөчлөг дагасан бодлого Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэйг Fitch онцолж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 24 11:00
    371

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Зээлжих зэрэглэл тогтоогч топ гурван агентлагийн нэг Fitch Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2018 оноос хойш анх удаа ахиулж, “B+” болгоод буй. Энэхүү шийдвэрийн ач холбогдол, цаашид ахиулах боломж, буурах эрсдэлийн талаар бид Fitch-ийн мэргэшсэн шинжээчтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

    Зэрэглэл буурахад нөлөөлөх хүчин зүйлс

    Хэдий бүх зүйл хэвийн байлаа ч тулгарч болзошгүй эрсдэлүүдэд анхаарлаа хандуулах нь зэрэглэл тогтоогч агентлагийн эн тэргүүнд хийдэг ажил. Fitch-ийн хянадаг орнуудаас магадгүй түүхий эдээс хамгийн өндөр хамааралтай нь гэдэг утгаараа Монгол Улсын зэрэглэл буурахад нөлөөлж болох хүчин зүйлс нэлээн онцгойд тооцогдож байна. Үүнд:

    • Гадаад санхүүжилт түүхий эдийн эрэлтийн өөрчлөлтөд маш эмзэг байна. Засгийн газар нүүрс, зэс гэсэн гол хоёр бүтээгдэхүүний экспортын өөдрөг төсөөлөлд тулгуурлан төсвөө тэлж буй энэ үед гадаад зах зээлийн шок илүү хүчтэй мэдрэгдэж, улмаар санхүүжилтийн урсгал татарч, валютын нөөц буурахад хүргэх эрсдэлтэй.
    • Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, алдагдалтай төсөв удаан хадгалагдсанаар ЗГ-ын өр, ДНБ-ий харьцаа ихээхэн дүнгээр тэлж болзошгүй.
    • Улс төрийн тогтворгүй байдал, бодлогын огцом болоод томоохон өөрчлөлт уул уурхайн стратегийн төслүүдийг тасалдуулж, ГШХО-ын орох урсгалыг хаах эрсдэлтэй.

    ftich.jpg

    Тиймээс ГВАН-ийг хангалттай хэмжээнд хуримтлуулах, нийт гадаад өрийн хэмжээг бууруулах, өрийн менежментийг хянуур хийх замаар гадаад санхүүжилтийн эрсдэлийг багасгаснаар Монгол Улсын зээлжих зэрэглэлд цаашид эерэг өөрчлөлт оруулахад нөлөөлнө гэжээ. Мөн ГШХО-ын дорвитой урсгалыг бизнест ээлтэй орчноор дэмжиж, сахилга бат сайтай төсвийн бодлого хэрэгжүүлэх нь зэрэглэл ахихад дэмтэйг онцолсон байна.

    Мөчлөг дагасан бодлогын нөлөө

    Тус агентлагийн анхаарлыг татаж буй өөр нэг үзүүлэлт бол төсвийн суурь тэнцэл буюу уул уурхайн бус салбарын ДНБ-д уул уурхайн бус салбарын төсвийн алдагдлын эзлэх хувь байна. Fitch-ийн төсөөллөөр энэхүү суурь алдагдал цар тахлын үеийн түвшин болон эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байсан 2016 оны түвшинд дөхөхөөр байгаа аж. Эрдэс баялгийн экспорт сайн байгаа үед нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөж болох ч хэрэв орлого талаасаа сөрөг өөрчлөлт гарвал нэлээн том эрсдэл учруулж болзошгүйг Fitch Ratings-ийн зээлжих зэрэглэлийн шинжээч, CFA Крисжанис Крустинс Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолсон.

    crust.jpg

    "Монгол Улсын хувьд бусад олон орны адил мөчлөг дагасан шинжтэй эдийн засгийн бодлого руу хэвийх хандлага бий. Цаг сайхан үед ЗГ зарцуулалтаа нэмэхээс буцдаггүй. Харин сайхан цаг дуусахад тохируулга хийх нэлээн хэцүү болдог. Хэрэв цохилтыг зөөлрүүлэх хангалттай нөөц бүрдүүлээгүй бол шүү дээ. Сүүлийн 10-12 жилд Монголд ийм дүр зураг ажиглагдсан. ЗГ төсвийн тал дээр баримтлах журмаа нэмэгдүүлж, төсвийн менежментээ бэхжүүлэх хүчин чармайлт гаргасан нь үнэн. Гэхдээ тэдгээр арга хэмжээ нь тэрхүү мөчлөг дагасан хандлагыг багасгаж, тохиромжтой үеийг ашиглан хангалттай нөөц бүрдүүлсэн эсэх нь бидэнд тодорхой харагдахгүй байна"

    Хариу хөдөлгөөн

    Fitch-ээс зэрэглэл ахиулах шийдвэр гарсны дараа Монгол Улсын ЗГ-ын гаргасан 2031 онд хугацаа нь дуусах “Сэнчири” бонд бараг хоёр жилийн дээд түвшиндээ хүрч өссөн. Тодруулбал баасан гарагт тус бондын ханш долоо дахь хоногтоо дараалан өсөлтөө хадгалж 87.889 хүрсэн нь 2022 оны XI сараас хойших дээд үзүүлэлт болжээ. Харин 2029 онд хугацаа нь дуусах бонд өнгөрсөн онд арилжаалагдаж эхэлснээсээ хойших дээд түвшинд, 2028 онд дуусах бондын ханш I сараас хойших дээд цэгтээ тус тус хүрсэн байна.

    BQ293551 Corp (MONGOL 3 ½ 07_07_ 2024-09-23 17-21-41.jpg

    Үүний зэрэгцээ ХААН Банк, ХасБанк болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг Fitch тус тус нэг түвшнээр ахиулж, B+ болгоод байна. Монгол Улс банкны салбараа дэмжих нөөц бололцоо дээрдсэн, банкнуудын үйл ажиллагаа эрхлэх орчин сайжрах нөхцөл бүрдсэн зэрэг хүчин зүйлсийг харгалзан зэрэглэлийг нь ахиулснаа тус агентлаг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих