
Зургийг: Li Bo/Xinhua/Getty Images
БНХАУ даваа гарагт таван байршил дахь атомын 11 цахилгаан станцын төсөлд зөвшөөрөл олгосон нь хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүчийг илүүтэй түшиглэж буй тус улсын хувьд урьд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо.
БНХАУ-ын Төрийн зөвлөл Жянсү, Шаньдун, Гуандун, Жөжян, Гуанси зэрэг таван мужид шинээр цөмийн цахилгааны станцууд барих зөвшөөрөл олгосныг тус улсын Төрийн өмчит “China Energy News” агентлаг мэдээлжээ. Эдгээр 11 станцад оруулах нийт хөрөнгө оруулалт нь багадаа 220 тэрбум юань буюу 31 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь таван жил орчим үргэлжилнэ гэдгийг “Jiemian” платформ онцолж байна.
БНХАУ-д шинээр баригдаж буй атомын цахилгаан станцын тоо бусад бүх улсаас илүү байгаа аж. 2022, 2023 онд л гэхэд тус тус 10 шинэ реактор барих зөвшөөрөл олгоод байв. “BloombergNEF”-ийн тооцооллоос үзвэл БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээгээр Франц, АНУ-ыг гүйцэж дэлхийд тэргүүлэхээр байгаа аж.
БНХАУ-ын Төрийн өмчит “China General Nuclear Power” компанийн IPO хийхээр бүртгүүлсэн охин компани “CGN Power” гурван байршлын зургаан реакторт зөвшөөрөл авсан талаар Хонконгийн Хөрөнгийн биржид өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.
“China National Nuclear Corporation” ч гурван реакторын зөвшөөрөл авч чадсанаа “wechat”-д нийтэлсэн бол “State Power Investment” компани хоёр станцдаа зөвшөөрөл авсан гэв.
Одоогоор БНХАУ-д 56 атомын цахилгаан станц ажиллаж байна. Эдгээрийн нийт хүчин чадал тус улсын эрчим хүчний эрэлтийн тав орчим хувьтай тэнцэнэ хэмээн БНХАУ-ын цөмийн эрчим хүчний нийгэмлэг мэдээлж байв.