
Зургийг: Mattel
Гуравдугаар сарын найманд тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, мөн гуравдугаар сарын есөнд тохиосон Барби хүүхэлдэй мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан “Mattel” компани “Үлгэр жишээ хүмүүс” цуглуулгаа найман бодит уран бүтээлчийн дүрээр баяжуулсан байна.
Энэ дунд дэлхийд алдартай дуучид, жүжигчид багтсанаас өдгөө 78 настай Английн жүжигчин Хелен Миррен, Австралийн алдарт дуучин Кайли Миноуг, Канадын дуучин Шанайя Твейн нарыг онцолж болохоор байгаа юм.
“Mattel” компани эдгээр хүүхэлдэйгээр охидод онцгой түүхтэй эмэгтэйчүүдийг танилцуулах, хэн ч ямар ч амжилтад хүрч болно гэдгийг хүргэхээ зорьсныг илэрхийлжээ. Хүүхэлдэйнүүд цор ганц хувь хийгдсэн бөгөөд худалдаанд гарахгүй аж.
“Барби хүүхэлдэйн түүх хэзээ ч ганц охины тухай өгүүлж байгаагүй. Маш олон хүүхдэд урам зориг өгч, баялаг түүхээрээ тэдний төсөөллийг баяжуулж байсан” хэмээн “Barbie and Global Head of Dolls”-ийн дэд Ерөнхийлөгч Криста Бергер өгүүлж байлаа.
Эмэгтэйчүүдийн баяраар өөрийн дүр бүхий Барби хүүхэлдэйтэй болсон алдартнууд
- Хелен Миррен (Их Британи) - Жүжигчин, эмэгтгэйчүүдийн эрхийг хамгаалагч
- Кайли Миноуг (Австрали) - Дуучин
- Шанайя Твейн (Канад) - Дуучин, загварын бэлгэ тэмдэг
- Виола Дэвис (АНУ) - Жүжигчин, хүний эрхийн төлөө тэмцэгч, зохиолч
- Майра Гомез (Бразил) - Контент бүтээгч
- Лила Авилес (Мексик) - Найруулагч, продюсер, кино зохиолч
- НикольФужита (Япон) - Загвар өмсөгч, дэлгэцийн уран бүтээлч
- Энисса Амани (ХБНГУ) - Комедиан, хүний эрхий төлөө тэмцэгч