
Зургийг: Bloomberg TV Mongolia
- Дэлхий нийтэд хайгуулын үйл ажиллагаа хаашаа чиглэж байгаа сэдвээр яриагаа эхлүүлье. Эдгээрийг ямар чиг хандлагууд хөтөлж байна вэ?
- Үнэндээ 2023 онд дэлхийд хайгуулын үйл ажиллагаа бага зэрэг буурсан. 2024 онд ч үргэлжлэн буурна гэж харж байна. Үүнд санхүүжүүлэлтийн хүнд нөхцөлүүд нөлөөлсөн л дөө. Ялангуяа жижиг компаниуд зах зээлд гарч, санхүүжилт босгоход хүндхэн байлаа. Түүнчлэн энэ үед дэлхийн металлын нийлүүлэлт бага зэрэг илүүдэлтэй байна. Ерөнхийдөө бүхий л таваар тийм байна. Тэгэхээр үнэ буурахаас аргагүй. Зарим уул уурхайн төрөлжсөн компаниудын орлого нэлээд бага байгааг бид харж байна. Бараг долоо хоног бүр л тааруу үзүүлэлтүүд гарч байна. Зарим компани төслөө хааснаа зарлаж, зарим нь тавьсан зорилтоосоо хол дутаж байна. Иймд хайгуулын төсөв үргэлжлэн буурна гэсэн баттай хүлээлттэй байгаа.
Өнгөрсөн онд хайгуулын ажилд 12.8 тэрбум орчим ам.доллар зарцуулагдсан байна. 10 гаруй жилийн өмнө буюу 2011, 2012 онд 20 тэрбум ам.доллар давж байсан түүхэн дээд үзүүлэлттэй харьцуулахад энэ нь маш бага дүн. Тэгэхээр нэлээд том зөрүү байна. Чухал ашигт малтмалд хөрөнгө оруулагчдын сонирхол асар их байхад санхүүжилт ийм байгаа нь бидний хувьд бага зэрэг санаа зовоосон асуудал. Санхүүжилт хэрхэн өсөх талаар ярьсаар байдаг. Гэтэл үнэндээ хайгуулд өмнөхөөсөө ч багыг зарцуулж байна. Яах аргагүй санаа зовоох асуудал. Хайгуул бол бидний нэлээн удаан хугацааны турш хянаж, бүртгэж буй салбаруудын нэг л дээ. Хэдий тийм боловч зөвхөн санхүүжилтийн хэмжээ бус, харин санхүүжилт хаашаа чиглэж байна гэдэг нь дутахгүй санаа зовоох зүйл.
Маш их мөнгө уурхайн төслүүд рүү урсаж байгаа нь илт. Бас олон жилийн настай хуучны төслүүдэд ч их хэмжээний санхүүжилт чиглэж байна. Гэтэл цэвэр “тэг”-ээс эхэлж буй цоо шинэ төслүүдийн санхүүжилт харьцангуй бага. Тэгэхээр шинэ томоохон орд илрүүлэх нь маш хүндрэлтэй болж байгаа юм. Урт хугацаанд оршиж буй чиг хандлагуудын нэгээр үүнийг дурдаж болохоор байна. Бараг л 20 жил үргэлжиллээ шүү дээ. Энэ нь төслүүдийн цаашдын хэрэгжилт, ер нь ирээдүйд хөгжүүлж болох бүхий л төсөлд дарамт болж эхлэхээр харагдаж байна.
- Таваарын зах зээлийн тухайд бид юуг ойлгох хэрэгтэй вэ? Таваарын эрэлтийн хэтийн төлөвтэй харьцуулахад одоогийн хайгуулын үр ашиг хэр түвшинд байна вэ?
- Үнэнийг хэлэхэд харьцангуй амжилттай яваа гэж болно шүү. Зэсийг аваад үзье л дээ. Өнгөрсөн хэдэн арван жилд олборлолт хийгдсээр байсан хэдий ч дэлхийн зэсийн нөөц хагас тэрбум орчим тонноор нэмэгдсэн. Үнэхээр сайн үзүүлэлт гэж болохоор байгаа биз? Гэхдээ эдгээрийн 60 хувь нь одоо байгаа уурхайн талбайгаас илэрсэн. Маш бага хувь нь олборлолтын потенциалтай шинэ ордуудаас илэрсэн байгаа юм. Тэгэхээр ер нь маш олон зүйлийг бид буруу хийгээд байгаа юм шиг санагдаж байна. Уул уурхайн компаниуд яагаад уурхайнхаа ашиглалтын хугацааг аль болох уртасгах хүсэлтэй байдгийг би ойлгож байна. Энэ нь тэдэнд болон бизнест нь ашигтай, хувьцаа эзэмшигчид нь ч өгөөж хүртэхийг хүсдэг болохоор тэр. Харин салбарын өнцгөөс харвал тэд уурхайн талбайдаа хэт анхаарал хандуулахаас дараа нь тэр уурхайг яах вэ гэдгийг бодолцож үзэхгүй байна. Энэ бол мөн л санаа зовоосон хандлага.
- Цэвэр эрчим хүчний технологид шаардлагатай чухал ашигт малтмал болон бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
- Халуун сэдэв болоод буй литиг жишээ татъя л даа. Энэ бол маш сонирхолтой жишээ. Лити бол үнэхээр ямар ч хэрэггүй эрдэс байсан. 10 гаруйхан жилийн өмнө литийн хайгуул хийдэг, литиг анхаардаг хэн ч байгаагүй. Харин одоо бидний хянадаг тавааруудаас алт, зэсийн дараа орох гурав дахь чухал эрдэс болоод байна. Өнгөрсөн онд литийн төслүүд дэх хөрөнгө оруулалт бараг хоёр дахин нэмэгдсэн. 2022 онд ч бас бараг хоёр дахин өссөн. Ер нь байнгын өсөлттэй байгаа. Хэдий тийм боловч литийн төсөл хэрэгжүүлдэг нь ихэнхдээ жижиг компаниуд байдаг.
Сошиал сүлжээнээс эхлээд л литийг чиглэсэн сонирхол хаа сайгүй байна. Өөр ямар ч ашигт малтмал ингэж сонирхол татаж байсангүй. Өмнө нь нөлөө бүхий хүмүүс л литийн талаар цөөн хэдэн зүйл сошиалд нийтэлдэг байсан. Гэтэл гэнэтхэн л энэ салбар урьд байгаагүй хэмжээнд анхаарал татах боллоо.
Дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчид литийг сонирхож байна. Харин энэхүү зах зээлийг жижиг компаниуд үнэхээр монополчилсон байна. Тэд хаана их мөнгө байна тийшээ очих хандлагатай байдаг. 2021, 2022 онд литийн үнэ маш өндөр байлаа. Жижиг компаниуд энэ боломжийг алдаагүй. Тэгэхээр литийн хайгуулын өсөлтөд жижиг компаниуд ерөнхийдөө нөлөөлсөн гэж болно.
Энэхүү зах зээл удахгүй коррекцийн бүс рүү орж бууж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь үнэ буурвал дагаад хөрөнгө оруулагчдын сонирхол буурна. Ингэснээр шинэ компаниуд санхүүжилт авч чадахгүйд хүрнэ. Тиймээс литийн хайгуулын ажлууд цааш үргэлжлэхэд бага зэрэг хүндрэл тулгарна гэж үзэж байна. Гэхдээ өсөлт үнэхээр гайхалтай байсан. 10 жилийн өмнөх түвшиндээ буцаад очно гэж байхгүй байх. Сонирхол татсан хэвээр байх болно. Никелийн хувьд хайгуулын төслүүд нэмэгдэх төлөв ажиглагдахгүй байна. Харин ч никелийн уурхайнууд хаагдаж байгаа сурагтай. Бодит байдал ийм байгаа нь харамсалтай. Иймд бид никелийн үнэ унана гэсэн хүлээлттэй байгаа. Хэдий тийм боловч 2023 онд никелийн үнэ өсөлт сайтай байсан. Үүнд ганц л компани онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. “Vale” компанийн “Sudbury” уурхайг хэлж байна л даа. Энэ төсөл байгаагүй бол никелийн үнэ бараг өөрчлөлтгүй байх байлаа. Харин удахгүй уналт эхлэх нь тодорхой байх.
Зэсийн тухайд гэвэл хөрөнгө оруулагчдын сонирхол хэвээр байх төлөвтэй. Бирж дээрх үнэ нь ч дажгүй өндөр байна. 2021 оныхдоо хүрэхгүй ч гэсэн харьцангуй сайн байгаа гэж хэлж болно. Тэгэхээр зэсийг чиглэсэн бодит сонирхол байсаар л байна.
- Монгол Улс ч ашигт малтмалын арвин нөөцтэй орон. Гэхдээ хайгуулын шинэ төслийн дэмжлэг дэндүү гэмээр тааруу байгаа. Монгол дахь хайгуулын төслүүдэд ямар боломж, сорилтууд байна вэ?
- Монгол Улс үүгээрээ дэлхийн улсуудаас нэг их ялгарахгүй л дээ. Жишээ нь: Монголын өнгөт металл, нүүрснээс бусад ашигт малтмалын хайгуул бараг бүхэлдээ зөвхөн “Оюутолгой"-д оногдож байна. Тэгэхээр дэлхийн бусад орноос төдийлөн онцгойрохгүй. Бусад орнууд ч олборлолтын талбайд хийх хайгуулд адилхан төвлөрч байгаа. Гэхдээ суурь судалгааны талд Монгол Улс үнэхээр хоцорч байна. Учир нь гол анхаарлаа зөвхөн “Оюутолгой”-д төвлөрүүлж байгаа харагддаг. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэвэл миний бодлоор зарим жижиг компаниудыг оруулж ирэх нь зүйтэй байх. Компаниудтай ярилцаж байхад Монгол бол бизнес эхлүүлэхэд бага зэрэг хэцүү улс гэдэг нь анзаарагддаг. Мэдээж БНХАУ, БНЭУ-ын зах зээл шиг хүнд биш л дээ. Гэхдээ Монголд нэг компани бүгдийг хянаж байна. Бүхий л том лиценз тэр компанийн мэдэлд байдаг байх.
Хэрэв би Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгөх байсан бол гадагшаа илүү чиглэж, хөрөнгө оруулалт тат гэж хэлэх байсан. Монгол Улсын Засгийн газар үүнийг нэг их хийж харагдахгүй байгаа.
Хайгуулын хөрөнгө оруулалт татахад томоохон амжилт үзүүлсэн орны жишээ гэвэл Канад, Австрали байна. Юугаараа татаж чадсан бэ гэхээр хэдий урт хугацаа зарцуулагддаг ч зөвшөөрөл олгох процесс нь маш тодорхой, ойлгомжтой. Бас сайн танигдсан тул хөрөнгө оруулагчид тэнд ямар ашиг хүртэхээ мэднэ. Нэмээд бас урамшуулал ч бий. Хөрөнгө оруулагчдад ч, компаниудад ч шинэ хайгуулын төсөд эхлүүлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлдэг. Тиймдээ ч олон жижиг компани тэнд очиж хайгуулын ажлаа шуурхай эхлүүлж байна. Канад, Австралид хайгуул хийх дуртай байна гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү жижиг компаниудын сонирхлыг татах нь Монгол Улсад тустай гэж бодож байна. Урьд нь ч ховорхон хийгдэж байсан байх.
- Ураны талаар та юу хэлэх вэ? Францын Төрийн өмчит “Orano Mining” компани Монгол Улсад, ялангуяа ураны чиглэлд үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийлээд байна л даа.
- Ураны үнэ маш удаан хугацаанд доогуур түвшинд байлаа. Сүүлийн хэдэн жилд л үнэд нь өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн. Уран бол гайхалтай ашигт малтмал. Ялангуяа цахилгаан шилжилтэд маш том нөлөөтэй гэж бодож байна. Хэдийгээр нөхөн сэргээгдэхгүй ч үнэхээр чухал эх үүсвэр. Нүүрс, байгалийн хий зэргийг бодвол хүлэмжийн хийн ялгарал тун багатай. Уранд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадвал маш том потенциалтай гэж бодож байна. Үнэ нь үргэлжлэн өсөх төлөв ажиглагдаж байгаа. Ядаж л огцом унахааргүй байна. Тэгэхээр ямар ч компанитай хамтрах нь сайн шийдэл болно гэж бодож байна. Ялангуяа Монгол Улс цөмийн реактор барьж эхэлбэл шүү дээ. Дараа нь олборлосон ашигт малтмалаа түлш болгон ашигладаг эдийн засгийн эргэлт бүтээж болох юм. Тэгвэл тун гайхалтай хэрэг.