
Зургийг: Jeenah Moon/Bloomberg
АНУ-ын Нью-Йорк хотоос ихээхэн хэмжээний хөрөнгө урсан гарч байгаа гэж яригддаг ч тус хотын оршин суугчид дэлхийн бусад метрополис хотуудынхаас чинээлэг хэвээр буюу нийт хөрөнгө нь даруй гурван их наяд ам.доллароор илүү болохыг тооцоолжээ.
Өдгөө тус хотод 350 мянга гаруй саятан байгаа нь дэлхийн аль ч хотоос өндөр үзүүлэлт юм. Мөн 10 жилийн өмнөхтэй харьцуулахад саятнуудынх нь тоо 48 хувиар өссөнийг цагаачдад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Henley & Partners” компаниас гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтаас харж болохоор байна.
Өөрөөр хэлбэл Нью-Йоркийн 8.26 сая оршин суугчийн 24 хүн тутмын нэг нь долоон оронтой тоогоор хэмжигдэх хөрөнгөтэй байгаа аж. Харьцуулбал 2013 онд 36 хүн тутмын нэг нь саятан байжээ. Түүнчлэн Нью-Йорк хотод асар чинээлэг иргэдийн эзлэх хувь хэмжээ ч өндөр хэвээр байна. Статистик мэдээллээс харвал тус хотын тэрбумтны тоо 60 бол 100 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хүний тоо 744 байгаа юм.
Флорида мужид санхүүгийн шинэ төв бүрэлдэж, эдийн засгийн хүч өмнө зүг рүү шилжиж байгаа нь Нью-Йоркийн чинээлэг эрхмүүдийн санааг зовоож буй энэ үед тус судалгаа гарснаараа онцлог болж байна.
Жагсаалтын хоёрдугаарт Сан Хосе, Сан Франциско, Пало Алто зэрэг хотыг багтаасан Калифорни мужийн Bay Area 305 мянга 700 саятантайгаар бичигдсэн байна. Харин гуравдугаарт саятнуудынх нь тоо өнгөрсөн 10 жилд таван хувиар буурч, одоо 298 мянга 300 болсон Токио хот бичигджээ.

Сүүлийн хэдэн жилд санхүүгийн зах зээл эрчимтэй тэлсэн нь дэлхийн хамгийн чинээлэг хотууд улам чинээлэг болох нөхцөл бүрдүүлснийг “Henley & Partners”-ийн Гүйцэтгэх захирал Юрг Штеффен онцолж байлаа. 2023 онд дэлхийн хувьцааны зах зээл 20 хувиар өссөн бол энэ он гарсаар долоо орчим хувийн өсөлттэй байна.
Чинээлэг иргэдийн тоо нь нэмэгдэж буй бусад хотуудаас саятных нь тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд 140 хувиар нэмэгдсэн БНХАУ-ын Шэньжэнь хотыг нэрлэж болох юм. Мөн Энэтхэгийн Бангалор, Вьетнамын Хо Ши Мин, АНУ-ын Аризона мужийн Скотстейл хотын саятан иргэдийн тоо сүүлийн 10 жилд хоёр дахин өсжээ.