logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Нээлттэй компани болохоор байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зорилтот ханшийг MICC ₮2,693 гэж тогтоолоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 17 11:00
    950

    Зургийг: ett.mn

    “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, 1.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллах хүлээлттэй байгааг MICC онцолж байна

    Экспортын орлого, төсөвт төвлөрүүлэх татвараараа Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэртэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-д менежментийн томоохон өөрчлөлт хийж, хувьцааг нь нээлттэй арилжаалдаг болгохоор Засгийн газар шийдвэрлээд байна. “Mongolia International Capital Corporation” (MICC) үнэт цаасны компани “Эрдэнэс Тавантолгой”-ийн үйл ажиллагаа болон хувьцаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ.

    Үзүүлэлтүүд ба том зураг

    “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд нүүрсний борлуулалтаас 9.5 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2022 оныхоос 2.7 дахин өссөн үзүүлэлт болсон юм. Тэр дундаа нийт орлогынх нь 4.4 их наяд төгрөгийг уул уурхайн биржээр дамжсан арилжаа бүрдүүлжээ.

    Харин энэ онд тус компани 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, 1.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллах хүлээлттэй байгааг MICC онцолжээ. Оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн орлого 6.2 их наяд төгрөг байгаа нь 2023 оны нийт борлуулалтаа давах боломж бийг харуулж байна.

    unnamed.jpg

    Санхүүгийн үзүүлэлт нь сайжирснаар өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани 495.6 тэрбум төгрөгийн бонд, дөрвөн томоохон худалдан авагчид төлөх 592 сая ам.долларын өрийг тус тус төлж барагдуулжээ. Энэ хугацаанд тус компани шинэ тоног төхөөрөмж, машин механизм худалдан авсан нь ирэх 10 жилийн хугацаанд ашиглалтын зардлыг 761 тэрбум төгрөгөөр бууруулах төлөвтэй гэж MICC үзсэн байна. Мөн шинэ хайгуул, судалгааны ажлын үр дүнд Тавантолгойн ордын нийт нөөц 29 хувиар нэмэгдэж, 8.1 тэрбум тонн хүрсэн сайн мэдээ байна.

    Харин “Эрдэнэс Тавантолгой”-ийн үйл ажиллагаа БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэлтэй шууд холбоотой байдаг гол эрсдэлүүдийн тэргүүн эгнээнд байгаа юм. Гол боомтуудын хил холболт хойшилсоор байгаа нь тээвэрлэлтийн үр ашигт нөлөөлөх, мөн Төрийн өмчит компани учраас корпорацын шийдвэр гаргалт, улс төрийн нөлөөлөл хоорондын ялгаа бүдгэрч, цаашлаад үр ашиггүй байдал, авлигын эрсдэл үүсэх зэрэг дотоод талын эрсдэлүүдийг MICC онцолжээ.

    unnamed (37).jpg

    Онцгой дэглэмийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дуусаж, компани энгийн горимдоо шилжиж ажиллаж байгаа хэдий ч онцгой дэглэмийн хэрэгжүүлж байсан бодлого, стратеги хэвээр үргэлжилж байгаа... Мөн нүүрсээ биржээр арилжаалж эхэлснээс хойш нэг ч удаа офтейк буюу ам нөхцөлтэй гэрээ байгуулагдаагүй. Бүх арилжаанууд биржээр, хил нөхцөлөөр хийгдэж байна.

    Зорилтот үнэлгээ ₮2,693

    Шинжилгээний үр дүнд MICC-ийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зорилтот ханшийг 2,693 төгрөг буюу Засгийн газрын нэрлэсэн үнэ болох 933 төгрөгөөс 188 хувиар өндөр тогтоосон байна. Зорилтот ханшийг тооцоолохдоо компанийн орлого, нийт ашиг, EV ба EBIT, P/B, P/E гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулж болох бусад компанитай харьцуулах аргачлалыг ашиглажээ.

    “Эрдэнэс Тавантолгой”-ийн нийт хувьцааны 73.51 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-аар дамжуулан Монгол Улсын Засгийн газар, 26.43 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн 1072 ширхэг хувьцаа байдлаар эзэмшдэг. Өнгөрсөн сард Засгийн газар тус компанийг 100 хоногт багтаан нээлттэй болгож, олон улсын менежментийн компаниар удирдуулах томоохон шийдвэр гаргасан юм. Ингэснээр иргэдийн эзэмшдэг хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжаалж, захиран зарцуулах боломжтой энгийн хувьцаа болж, цаашлаад олон улсын зах зээлд гарах боломж бүрдэх юм.

    2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК Хонконгийн Хөрөнгийн биржид IPO хийж, нэг тэрбум ам.доллар босгох амбицтай төлөвлөгөөнийхөө бэлтгэл ажлыг хангаж байсан ч цар тахлын улмаас хойш тавихаас аргагүй болж байлаа. 

    Cэтгэгдэл бичих