
Зургийг: Cheng Zhao/VCG/Getty Images
Дотоод шаталтат хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжих шилжилтэд БНХАУ түүчээлж буй энэ үед “Volkswagen”, “Mercedes-Benz”, “BMW” зэрэг Германы томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн хамгийн том, хамгийн ашигтай зах зээлдээ дотоодын үйлдвэрлэгчдээс хол хоцорч байна.
Компаниуд БНХАУ-ын хэрэглэгчдийн сонирхлыг эргүүлэн татах цахилгаан загварууд үйлдвэрлэхэд нийт 38 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөж буй мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногт дээрх гурван компанийн БНХАУ дахь борлуулалт III улиралд буурсан тайлан гарсан нь анхааруулгын дохио боллоо. Тодруулбал: “BMW”-ийн борлуулалт 30 хувиар буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр дүнгээр буурсан бол “Mercedes-Benz”-ийн борлуулалт 13 хувиар буурчээ. Харин “Porsche”, “Audi” брэндүүдийг эзэмшдэг “Volkswagen”-ийн борлуулалт 15 хувиар буурсан байна.
Шатахуун хөдөлгүүрийн эрин үед ноёрхож байсан Германы үйлдвэрлэгчид шинээр гарч ирсэн өрсөлдөгчдийн учруулах эрсдэлийг дутуу үнэлж, уламжлалт хөдөлгүүртэй автомашинаас олох ашгаа алдахыг хүсээгүйг шинжээчид онцолж байна.
Энэхүү орон зайг “Tesla”, мөн БНХАУ-ын “BYD” зэрэг үйлдвэрлэгчид ашиглаж, технологи сайтай, боломжийн үнэтэй цахилгаан загваруудаараа Германы компаниудыг зах зээлээс шахсан гэхэд болохоор байна.
Одоогоор Германы үйлдвэрлэгчид БНХАУ-ын нийт авто зах зээлийн 15 хувийг эзэлж буй ч цар тахлын өмнө 25 хувийг эзэлж байсан юм. Ялангуяа цахилгаан автомашины зах зээлд нь 10 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Тиймээс шуурхай өөрчлөлт хийхгүй бол Германы "Их гурвал"-ын энэхүү уналт нь оршин тогтнохын төлөөх тэмцэл болж хувирах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.