
Зургийг: apple.com
“Apple” компани хиймэл оюунд суурилсан “iPad Pro” болон “iPad Air”-ийн шинэ хувилбараа танилцууллаа. Сүүлийн хоёр жилийн турш эдгээрийн эрэлт хэрэглэгчдийн дунд буураад байсан юм. Энэ удаагийн шинэ загварууд нь “Laptop”-той өрсөлдөж чадах эсэхийг харуулах чухал алхам болж буйг шинжээчид онцолж байна.
2018 оноос хойш “iPad Pro”-ийн шинэчлэгдсэн хувилбарыг зах зээлд танилцуулаагүй байсан юм. Мягмар гарагт болсон "Let Loose" цахим арга хэмжээний үеэр шинэ загваруудын нээлтийг албан ёсоор хийлээ.
Энэ удаад “iPad” илүү нимгэнээс гадна гэрэлтүүлэг, өнгө дүрсний нягтаршил болон ялгаруулалтад тодорхой сайжруулалтыг хийсэн байна. OLED технологийн “Ultra XDR” дэлгэцтэй. Мөн хиймэл оюуны өгөгдлийг илүү хурдтай гүйцэтгэх M4 чиптэй зэргээрээ онцлог юм. 5.1 миллиметрийн өргөнтэй 13 инчийн шинэ “iPad Pro” нь “Apple”-ийн хамгийн нимгэн бүтээгдэхүүн болсныг тус компани онцолж байна.

Харин шинээр танилцуулсан “iPad Air” нь харагдах байдлын хувьд өмнөх хувилбартайгаа төстэй ч 11 болон 12.9 инчийн сонголттой том дэлгэц болон хүчирхэг М2 чиптэй аж.
“iPad”-ийн борлуулалт өнгөрсөн улиралд 17 хувиар буураад байсан бөгөөд “Apple” компанийн зүгээс шинэ загварууд нь борлуулалтын уналтыг зогсоож, энэ улирлын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.