logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Сонгуульд бэлдээрэй: 2024 онд 40 улсад сонгууль болно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 28 09:35
    1089

    Зургийг: Jack Taylor for Bloomberg Businessweek

    2024 онд анх удаа 126 хууль тогтоогч сонгохоор болсон Монгол Улсыг түүхэн сонгууль хүлээж байна

    Цар тахлын дараах сэргэлтийг балмад хоёр дайн, ужгирсан инфляц, зээлийн өндөр хүү хойш чангааж, дэлхийн эдийн засаг нэг цохилтоос нөгөө цохилт хооронд ганхаж байна. Энэхүү олон талт хямралын эринд ээлжит шуурганы эх үүсвэр нь 2024 оны хуанли дүүргэсэн сонгуулиуд байх нь.

    40 улс удирдагчаа сонгоно

    Нэгдүгээр сард Тайваниар эхэлж, 11 дүгээр сард АНУ Ерөнхийлөгчөө сонгох хүртэл нийт 40 улс ирэх онд сонгуулиа хийхээр байна. Улс төрийн тайван цаг үед ч энэ нь нэлээн завгүй хуваарьт тооцогдоно. “Bloomberg Economics”-ийн тооцоолсноор ирэх онд дэлхийн хүн амын 41 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 42 хувийг төлөөлөх иргэд шинэ удирдагчаа сонгох боломжийг эдлэх аж.

    Нэн чухал сонгуулиудын өмнө хоёр ч дайны гал дүрэлзэж, АНУ болон БНХАУ-ын зөрчил хурцдаж, улс төрийн туйлууд улам алсарч байгаа нь 2024 онд эдийн засгийн эрс өөрчлөлт гарах магадлалыг ихээхэн нэмэгдүүлж буй. Мөнгөний менежерүүд, компанийн төлөвлөгөө гаргагчдад анхааруулахад 2024 он бол хөрөнгө оруулалтын бодлогоо “автомат горим”-д нь тавих жил яавч биш байх нь.

    "Томоохон үр дагавартай жил болно. Тоглоомын дүрэм, бодлогын хүү, зах зээлийн хөдөлгөөн, Засгийн газрын зохицуулалт, бодлого гээд тодорхойгүй бус байдал нэмэгдэх тусам бизнесийн өнцгөөс харвал хүндрэл улам нэмэгдэхээр байна" хэмээн Стэнфордын Их сургуулийн Улс төр судлалын эрдэмтэн Эми Зегарт өгүүлж байна.

    Гол сонгуулиудын өнгө

    Эрдэс түүхий эдээр баялаг Индонез, Монгол, Венесуэл улс, үйлдвэрлэлийн аварга Мексик, геополитикийн халуун цэг Тайвань, Пакистан, Арабын Хавар анх мэндэлсэн Тунис, мөн АНУ-ын Европ дахь холбоотнууд болох Австри, Бельги, Их Британид анхаарал татах өрсөлдөөнүүд явагдах гэж байна.

    Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль АНУ, БНХАУ-ын харилцааны ирэх жилүүдийн ерөнхий өнгийг тодорхойлох бололцоотой бөгөөд хэрэв одоогийн Дэд Ерөнхийлөгч Лай Чин-Тэ урьдчилсан төсөөллийн дагуу ялалт байгуулбал хоёр орны харилцаа цаашид улам хурцдах төлөвтэй.

    1400x934 (1).jpg

    Харин 2014 оноос хойш БНЭУ-ыг удирдаж буй Ерөнхий сайд Нарендра Моди таамаг эвдэж ялагдал хүлээвэл БНХАУ-ын эдийн засаг, цэрэг зэвсгийн давамгайллыг сөрөх хүч болно гэж тус улсад найдлага тавьж байгаа АНУ болон холбоотон улсуудынх нь хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай.

    unnamed (1).jpg

    АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Bloomberg"-ийн сүүлийн санал асуулгаар сонгуулийн үр дүн эргүүлэх чухал мужуудад тэргүүлж байгаа нь БНХАУ, ОХУ болон NATO, гадаад худалдаа зэрэг олон талбар дахь АНУ-ын бодлогын ирээдүйд тодорхойгүй байдал дахин үүсгэх болов.

    1400x945.jpg

    Харин ОХУ-ын иргэд гуравдугаар сард саналаа өгөх товтой ч одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинд дорвитой өрсөлдөөн гарч ирэх магадлал бага байна.

    Их Британид ирэх намар болох сонгуулиар сөрөг хүч Хөдөлмөрийн нам Риши Сунакийн Консерватив намыг ялна гэж бүхий л урьдчилсан санал асуулгууд зааж байна. Хэдий тийм боловч Их Британийн эдийн засгийн гүн гүнзгий асуудлуудтай тэмцэхийн тулд тус нам Парламентад хангалттай олонх болох шаардлагатай аж.

    Түүнчлэн ирэх онд анх удаа 126 хууль тогтоогч сонгохоор болсон Монгол Улсыг мөн л түүхэн сонгууль хүлээж байна.  Дуулиант хэргүүд, тэдгээрийг дагасан хууль шүүхийн асуудал, авлигын төсөөллийн индексээр сүүлийн жилүүдэд байр ахиж чадаагүй зэрэг нь эрх баригч намын нэр хүндэд нөлөөлсөөр буй. 

    Сонгууль угтсан төсвийн тэлэлт нь бодлогын хүү он дамнан өндөр түвшинд хадгалагдахад хүргэж, инфляцыг дахин хөөргөдөх эрсдэл үүссэн энэ үед ирэх сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдлыг  зураглахад багагүй хүндрэлтэй байна.

    Cэтгэгдэл бичих