logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хөгжингүй улсууд цагаачлалын бодлогоо чангалсан нь гадаад оюутнуудыг гарцгүй байдалд оруулж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 20 11:00
    399

    Зургийг: Taehoon Kim/Bloomberg

    “Боловсролын салбар боловсролд л зориулагдахаас цагаачлалын үүд болох ёсгүй”

    Засгийн газрууд хэтийдсэн цагаачлалыг хязгаарлах хялбар бай эрэлхийлж эхэлснээр удаан хугацаанд хөгжингүй орнуудын “саалийн үнээ” байсан олон улсын оюутнуудын ирээдүй улам тодорхой бус болж байна.

    Гадаадад суралцахуй нь бараг 200 тэрбум ам.доллароор хэмжигдэх олон улсын бизнес бөгөөд Их Британи, Канад, Австрали улс тус зах зээлийн гол тоглогчид байдаг. Гэтэл эдгээр улсын 2024 оны эхний улиралд визийн мэдээлэл боловсруулсан нийт тоо өмнөх оны мөн үеэс 20-30 хувиар буурсныг “IDP Education” тооцоолжээ.

    “Тооны хувьд хяналт тавихад хамгийн хялбар бүлэг нь оюутнууд байдаг учир хязгаарлах жагсаалтын нэгдүгээрт тэд байгаа юм. Их сургуулиуд тийм ч хүчирхэг байгууллагууд биш тул улс төрийн шийдвэрийн хялбар бай болж байх магадлалтай” хэмээн Австралийн Үндэсний их сургуулийн профессор Эндрю Нортон онцолж байлаа.

    Их Британи үүдээ хаасан

    “Боловсролын салбар боловсролд л зориулагдахаас цагаачлалын үүд болох ёсгүй” гэсэн бодлогоор өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг шинээр бүрдсэн Хөдөлмөрийн намын Засгийн газар дахин авч хэлэлцэж байгаа аж. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хөдөлмөрийн намын төлөөлөгч сайд Крис Брайант нам нь хэрэв ялалт байгуулбал гадаад оюутнууд Их Британид хамаарал бүхий хүнээ дагуулж ирэхийг хориглосон шийдвэрийг цуцлахгүйгээ амлаж байв.

    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсад гадаад оюутнуудын тоо, ялангуяа БНЭУ, БНХАУ-аас ирэх оюутны тоо өссөн бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 679 мянга 970 гадаад оюутан ирсэн нь дээд үзүүлэлт болж байжээ.

    Канадын хязгаарлалт

    Гадаад оюутнууд Канадын эдийн засагт 22 тэрбум гаруй канад долларын хувь нэмэр оруулахын зэрэгцээ 218 мянган ажлын байр бий болоход дэм үзүүлдэг гэсэн тооцоо бий. Хэдий тийм боловч энэ онд оюутны виз олголтыг 35 хувиар бууруулах, төгссөний дараах ажлын байрны шаардлагын хөнгөвчлөлийг цуцлах зэрэг төдийлөн нэрд гараагүй, жижиг коллежуудыг чиглэсэн шинэ зохицуулалтууд танилцуулагдаад байгаа аж.

    Австрали, Их Британитай нэгэн адил Канадад орон сууцны түрээсийн үнэ эрс өсөж, оюутнууд нэг байранд олноороо амьдарч, эмзэг бүлэгт зориулагдсан үнэгүй хоол түгээх цэгүүдэд байнга хооллох болсон тухай мэдээллүүд гарсаар буй. Канадын сөрөг хүчний удирдагч Пьер Пуаливр хүн амын өсөлтийн хурдыг орон сууцны бүтээн байгуулалтын хурдтай зэрэгцүүлэхээ амласан нь гадаад оюутнууд хүлээн авах тоо болон цагаачлалын нийт түвшнийг огцом бууруулна гэсэн үг юм.

    Австралийн шинэ тогтоомжууд

    2023 онд эдийн засагтаа гадаад оюутнуудаас 48 тэрбум австрали долларын нэмэгдэл орлого оруулсан Австрали улсын хувьд дэнчин бүр өндөр байхаар байна. Австралийн их сургуулиуд нийт үйл ажиллагааны орлогынхоо 1/4-ээс илүү хувийг олон улсын оюутнуудаас бүрдүүлдэг, үүгээрээ дэлхийд дээгүүр бичигдэж буйг “S&P Global” мэдээлж байв.

    Их сургууль тус бүрд элсэлтийн хязгаар тогтоох, дотуур байрны барилгын төслийн шаардлагыг шинэчлэх зэргийг багтаасан Засгийн газрын шинэ төлөвлөгөө нь хараахан Парламентад өргөн баригдаагүй байгаа юм. Хэдий тийм боловч гадаад оюутнууд англи хэлний ур чадварын шаардлага чангарах, визийн татгалзсан хариу олшрох зэрэг сорилтуудтай аль хэдийн нүүр тулж эхэлжээ. Зарим хувийн сургуулиудад зургаан сарын дотор хуурамч мэдүүлэгтэй гадаад оюутнуудыг элсүүлэхээ зогсоохгүй бол лицензийг нь цуцлахаар анхааруулсан аж.

    Энэ оны долоодугаар сард гадаад оюутны виз мэдүүлэх хураамж даруй хоёр дахин өсөж, 1600 австрали доллар хүрсэн нь дэлхийн хамгийн өндөр үнэ болохыг тус улсын тэргүүлэх найман их сургуулийн холбооноос мэдээлжээ. Дээрх өргөн барьсан хуулийн төсөл гол хоёр намын хоёулангийнх нь дэмжлэгийг авсан тул энэ ондоо Австралийн Парламентаар батлагдах төлөвтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих