
Зургийг: Bloomberg Creative Photos
Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг нь бүрэн тогтоож, олборлолт болон түүнд түшиглэсэн үйлдвэрлэлийг Монголд эхлүүлбэл энэхүү шатах түлш нь эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдалд үлэмж давуу тал авчирна.
ГОЛ ТӨСЛҮҮДИЙН АХИЦ
Өнгөрсөн онд Монгол болон Австрали улс хамтран зургаан сарын турш нөөцийн судалгаа хийсний үр дүнд Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн боломжит нөөцийг 7.4 их наяд метр куб гэж үнэлжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй дөрвөн компанийн зургаан талбай байгаа юм. Түүнчлэн 2019 оноос эхлэн Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани Өмнөговь аймгийн нутагт метан хийн хайгуул хийж, туршилтын цооногуудаа өрөмдөж байна.
Төслүүдийн ахицаас танилцуулбал “Гурвантэс XXXV” төслийг эзэмшдэг "TMK Energy" энэ оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлж, одоогоор Нарийнсухайт хайгуулын бүсэд өрөмдсөн туршилтын гурван цооногтоо хийн тогтмол урсгал бий болгоод байна. Тус компани 2023 оны наймдугаар сард цооногуудын үйл ажиллагааг эхлүүлснээс хойш гарган авсан хийн хэмжээ нь сар бүр бараг хоёр дахин нэмэгдэж байгаа аж.
Харин “Elixir Energy” компани есдүгээр сард “Nomgon X” цооногийг амжилттай өрөмдөж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Тус компани энэ онд “Номгон” талбайн өргөтгөсөн туршилтын хөтөлбөрөө үргэлжлүүлж, нийт есөн цооног өрөмдөхөө зарлаад байна. 30 мянга орчим км.кв талбайг хамардаг “Номгон” төсөл нь Хойд Хятадын хий дамжуулах гол сүлжээнээс ердөө 400 км зайтай нь давуу тал болохыг тус компани онцолж буй.
Эцэст нь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг удирдаж буй “Jade Gas Holdings” компани саяхан “Баруун наран” талбайдаа 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээлсэн юм. Цаашид тус компани тогтоосон боломжит хийн нөөцөө бататгаж, 2024 оноос эхлэн олборлохыг зорьж байгаа аж.
ОЛБОРЛОЛОО, ТЭГЭЭД ЯАХ ВЭ?
Агаарын бохирдлоос салах, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж найдвартай болгох монголчуудын хэрэгцээ шаардлага метан хийн олборлолттой яах аргагүй холбогдоно. Хамгийн цэвэр шатах түлшинд тооцогддог метан хий түүхий нүүрсний хэрэглээг орлохоос гадна олборлож байгаа газарт нь цахилгаан станц барих, эсвэл шингэрүүлсэн хий хэлбэрээр ашиглавал бүр ч том давуу талтайг мэргэжилтнүүд хэлж байна.
Төслийн талбай нь урд хилтэй ойрхон тул дээрх компаниуд БНХАУ руу метан хий экспортлох, цаашлаад тус улсын сүлжээтэй холбогдох зорилго тавьж буй. Тухайлбал: “Elixir Energy”-ийн метан хий болон устөрөгчийн төслийн аль алинд нь дамжуулах хоолой шаардлагатай болох бөгөөд хоолойн урт харьцангуй богино байх тул инженерчлэлийн хувьд тийм ч их сорилт үүсэхгүйг тус компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг онцолж байлаа.