
Зургийг: Elixir Energy
“Elixir Energy” компани Монголд эзэмшдэг байгалийн хийн хайгуул болон сэргээгдэх эрчим хүчний төслийнхөө тодорхой хувийг өөр компанид шилжүүлэн өгөх "farm-out" гэрээ байгуулж байгаагаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл тус компани төслийн үйл ажиллагаа, санхүүжилтийн нөөцөө “outsourcing” хийх байдлаар эрсдэл, өртгийн менежментийн алхам авч байна.
Хоёр тусдаа гэрээний эхнийхэд нь "Номгон" нүүрсний давхаргын метан хийн төсөл болон холбогдох хөрөнгүүдийг эзэмших хамтарсан компани шинээр байгуулахаар тусгажээ.
Харин нөгөө гэрээгээр “Elixir Energy”-ийн сэргээгдэх эрчим хүчний төсөлд мөн хамтарсан компани байгуулж, хөгжүүлэлтийн өмнөх шатандаа байгаа "Солар илч" нарны цахилгаан станц болон бусад хөрөнгүүдийг шилжүүлэх аж.
“Elixir Energy”-тэй гэрээлж буй компани нь Их Британид бүртгэлтэй Монголын талын эзэмшил бүхий “Gobi Terra” компани юм байна. Гэрээний дагуу тус компани хамтарсан компаниудын 51 хувийг эзэмшихийн сацуу хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гарах хүртэл төслүүдийн бүх зардлыг хариуцна.
“Farmout” гэрээ хийснээр “Elixir Energy” Австралийн Квинсланд дахь “Grandis” төсөлдөө гол анхаарлаа хандуулах боломжтой болж буйг “Elixir Energy” компанийн Гүйцэтгэх захирал Нил Янг онцолсон байна.
Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн бүсэд оршдог "Номгон" төслийн талбайд цооногуудын туршилтаа үргэлжлүүлж, нүүрсний давхаргын усыг шавхаж байгаагаа “Elixir Energy” сүүлд мэдээлж байлаа.