
Зургийг: Bloomberg TV Mongolia
Олон Улсын Валютын Сан (ОУВС) өнгөрсөн оны есдүгээр сард гаргаж байсан бодлогын зөвлөмж бүхий тайлангаа шинэчлээд байна. Өмнөх тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.5 хувь байна гэж төсөөлж байсан бол энэ удаа огцом ахиулж, 6.5 хувьтай гарна гэж үзжээ.
Төсвийн тодотгол болон цалин, тэтгэврийн нэмэгдэл, бас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг тараалтын нөлөө нь ойрын хугацаандаа өсөлтийг өдөөх төлөвтэй. Хэдий тийм боловч ирэх жилүүдээс гадаад дарамт өндөр инфляцтай хавсарснаар эдийн засгийн өсөлтийг сааруулж эхэлнэ гэж үзжээ.
Түүнчлэн зудын улмаас мал аж ахуйн салбар ихээхэн хохирол амссан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хойш чангаах магадлалтай гэж үзсэн байна.
Мөн олон жилийн дараа анх удаа ашигтай гарсан урсгал дансны тэнцлийн хувьд нүүрсний үнийн уналт, импортын өсөлтийн улмаас эргээд томоохон алдагдалтай гарах төлөвтэй. Ингэснээр гадаад валютын нөөц 2023 оны сүүл үеийн түвшнээс төдийлөн өсөхгүй гэж ОУВС таамаглажээ.
Үүнээс гадна Монгол Улс одоогийн төсвийн бодлогоо өөрчлөхгүй байснаар улсын гадаад өрийн хэмжээ дунд хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас давах төсөөлөлтэйг ОУВС анхаарууллаа.
Засгийн газрын өрийн динамик нь макро эдийн засгийн “шок”, валютын ханшийн савлагаанд эмзэг хэвээр байгаа тул төсвийн эрсдэл, болзошгүй өр төлбөрийн асуудалд анхаарах хэрэгтэйг тодотгож байна. Тиймээс макро эдийн засгийн болон өрийн тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат нэн чухал болохыг дахин сануулав.
Ялангуяа засаглал сайжруулахад чиглэсэн төсвийн бүтцийн реформ хийх замаар төсвийн эрсдэлийг бууруулах нь зүйтэйг зөвлөсөн юм.
Харин мөнгөний бодлогын талд 2024 онд төсвийн томоохон дэмжлэг нь инфляцыг дахин хөөргөдөх төсөөлөлтэй байгаа учраас мөнгөний чанга бодлого, макро зохистой бодлогоор дамжуулан дотоодын санхүүгийн одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалах нь зөв гэж үзэж байгаа аж.