
Зургийг: Bloomberg
Жилийн хамгийн чухал баяр болох Сар шинийн баярын бэлтгэлээ базааж буй хятад айл, өрхүүдийн хувьд зоогийн ширээний гол идээ нь гахайн мах байдаг. Гахайн мах нь элбэг дэлбэг, хангалуун амьдралын бэлгэдэл болдог бөгөөд олон нэр төрлийн хоолны орцонд багтаж, баярт өдрүүдийн ширээг чимдэг аж. Гэтэл Бээжин хотын Шиньминь захын худалдаачин Ү Айжэньд байдал амаргүй байгааг онцолж байлаа. Хэдийгээр гахайн махны үнэ өмнөх оны мөн үеэс тав дахин буурсан ч тэрбээр урьд урьдын баярын өдрүүдтэй харьцуулахад гурав дахин бага мах борлуулжээ.
БНХАУ-д гахайн махны эрэлт буураад хэдэн сар өнгөрч байгаа аж. Идээ ундаа бялхдаг Сар шинийн баярыг угтсан борлуулалтын оргил үед ч ийнхүү эрэлт сул хэвээр байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад гахайн махны нийлүүлэлт эрэлтээ давсныг тодхон харуулна. Түүнчлэн цалин буурсан нь өрхийн орлогод нөлөөлөөд зогсохгүй хэрэглээний үнэ ч нэмэгдээд байгаа ажээ.
“Энэ онд Сар шинийн баяр дөхөөд байхад ч үнээ өсгөх тун бэрх байна” хэмээн 20 гаруй жил мах борлуулж буй Вү онцолж байлаа.
“БНХАУ өнгөрсөн онд эдийн засгаа дахин нээснээс хойш гахайн махны эрэлт нийлүүлэлтээсээ ямагт доогуур түвшинд байсаар ирлээ. Иргэд гадуур хооллох нь нэмэгдсэн байхад хүртэл шүү” хэмээн “Pantheon Macroeconomics” компанийн Ахлах эдийн засагч Данкан Вригли тодотгож байна.
Дэлхийн гахайн махны хэрэглээ болон гахай үржүүлгийн бараг тал хувийг БНХАУ эзэлдэг. АНУ-тай харьцуулахад жил бүр тав дахин их гахайн мах иддэг. Гэтэл өнгөрсөн онд БНХАУ-ын гахайн махны хэрэглээ нэг сая тонноор буурч, 54 сая тонн болсныг Шанхайн JCI-ийн зөвлөх ажилтан мэдээлж байлаа. Энэ нь өндөр дүнгээр буурсан үзүүлэлт биш ч хэдий ч айл, өрхүүд ихээхэн худалдан авалт хийдэг баярын өдрүүд хаяанд ирж, гахайн махны үйлдвэрлэл эрчимтэй өсөөд буй цаг үед өндөр дүнтэй бууралтад тооцогдож байгаа аж.
Түүнчлэн гахайн махны эрэлт буурсан нь БНХАУ-ын эрх баригчдын санааг зовоож буй дефляцын асуудалд нэрмээс болохоор байна. БНХАУ-ын хэрэглээний үнийн индексийн тавны нэгийг хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд энэ дунд гахайн мах томоохон хувийг эзэлж байгаа юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард хэрэглээний үнэ гурав дахь сардаа дараалан буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ нь 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж.