
Зургийг: С.Батсайхан
Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давж, улмаар санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 26.3 хувьд хүрсний гол хөдөлгөгч хүч нь системийн нөлөө бүхий банкнуудын IPO байлаа. Энэхүү шинэчлэлийн буухиаг үргэлжлүүлэхэд ашигт ажиллагаа сайтай, дотооддоо баялаг бүтээгч томоохон компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэн чухал байх төлөвтэй байна.
Хөрөнгийн зах зээлд тавтай морил
Банкнууд хувьцааныхаа ердөө 5-10 хувийг гаргахад хөрөнгийн зах зээл даруй гурав дахин тэлэхийг бид өнгөрсөн онд харсан. Тиймдээ ч “Топ 20” индексийн шинэ сагсны талаас илүү хувийг банк санхүүгийн салбарынхан бүрдүүлэх болж, дотоодын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь 34.6 болж шахагдав. Энэхүү огцом тэлэлтэд хөрөнгийн захын багтаамж дутаж, мөн захиалагчдын дийлэнхийг урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй жижиг хөрөнгө оруулагчид бүрдүүлсний сөрөг үр дагавар нь банкнуудын санхүүгийн үзүүлэлт хэдий маш сайн байсан ч хувьцааны ханш нь IPO хийсэн ханшнаасаа төдийлөн өсөхгүй байгаагаас харагдаж буй.
Санхүүгийн зах зээл Монгол Улсын эдийн засгийн тодорхой нэг хэсэг болохоос бүхэлдээ биш бөгөөд тус зах зээл унавал хөрөнгийн зах зээл дагаад унах эрсдэл үүссэнийг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” анхааруулж байлаа. Тэгвэл эдийн засгийн бүтцийг илүү оновчтой илэрхийлэх тэнцвэртэй зах зээл бүрдүүлэхэд өдгөө хэлэлцэгдэж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, мөн “Топ 100” аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөр томоохон дэм үзүүлэхээр байна.
Үнэт цаас гаргах сонирхолтой Топ аж ахуйн нэгжүүдийг зохицуулалтын таатай орчноор дэмжих ажлын тэргүүнд хөрөнгийн үнэлгээ хийлгэх болон барьцаа, батлан даалт гаргах шаардлагаас чөлөөлөх, мөн хувьцаа, бондыг бүртгэх хугацаа, өртгийг бууруулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Тэр дундаа анхдагч зах зээлийн арилжаа зөвхөн биржээр явагддаг байсны оронд андеррайтер компаниар дамжуулан явуулах бололцоо бүрдүүлснээр үнэт цаас гаргагч талын зардал тодорхой хэмжээнд буурахыг Монголын Хөрөнгийн бирж онцолсон юм.
Үйлдвэрлэгчдийн хувьцааг харъя
Монголын “Топ 100” аж ахуйн нэгжийн сүүлийн жагсаалтыг салбараар нь ангилж харвал 15 нь хүнсний болон хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн төлөөлөл байжээ. Оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржийн “Топ 20”-д багтдаг дотоодын үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш холимог хөдөлгөөнтэй байлаа.
АПУ ХК-ийн хувьцааны ханш 2023 оны сүүлийн арилжаанаас 9.5 хувиар буурч, мягмар гарагийн байдлаар 1086 төгрөг болсон байна. Харин зах зээлийн үнэлгээ нь өмнөх оны мөн үеэс 15 тэрбум төгрөгөөр өсөөд байгаа “Говь” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд төдийлөн огцом өөрчлөлтгүй, 260-аас 264 төгрөгийн хооронд хэлбэлзжээ.
Харин “Монос хүнс” ХК-ийн нэгж хувьцааны ханш 2024 он гарсаар 12.8 хувиар буурсан бөгөөд гуравдугаар сард бага зэрэг сэргэж, 90 төгрөг давжээ.