
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Кофе шимж суунгаа дэлхийн хамгийн хаалттай улсад амьдрал хэрхэн үргэлжилж буйг сонирхох боломжийг “Starbucks Korea” компани бүрдүүлжээ.
БНСУ-ын Гимпо хот дахь ажиглалтын цамхаг дээр “Starbucks”-ийн шинэ кафе нээгдсэнийг тус хотын захиргаанаас мэдээлсэн байна. Солонгосын хойгийн дайны үед 154-р өндөрлөг нэртэй байсан тус ажиглалтын цамхаг нь хоёр улсын хилийг заагладаг Жоган голын нөгөө эрэгт ердөө 1.6 км-ийн зайтай байдаг БНАСАУ-ын Гэбун тосгон руу хардаг аж. Тиймээс “Starbucks”-ийн үйлчлүүлэгчид дуран болон сайн линзтэй камер ашиглан хойд хөршид нь юу болж буйг тольдох боломжтой аж.
“Starbucks”-ийн энэхүү шинэ кафе нь тус бүсийн түүхэн болон стратегийн ач холбогдлыг ашиглан аялал жуулчлалын төв болгох Гимпо хотын төлөвлөгөөний нэг хэсэг юм байна. Ажиглалтын цамхаг оршдог “Aegibong Peace Ecopark”-т он гарсаар 135 мянга 514 хүн зочлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
БНАСАУ-ын иргэд, “Aegibong Peace Ecopark”-аас авсан зураг. Зургийг: Soo-hyeon Kim/Reuters
БНСУ дахь “Starbucks”-ийн кофе шопын тоо дэлхийн 80 улсаас тавдугаарт бичигдэж байгаа бөгөөд Сөүл хот нэг хотод хамгийн олон салбартайгаараа тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар “Starbucks” нь дэлхийн 80 улсад 36 мянга орчим салбартай байгаагаас 16 мянга нь АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг байна.