logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цуглуулдаг хүүхэлдэйгээр дэлхийг шууруулж буй “Pop Mart”-ийн хувьцааны ханш энэ онд 370 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 25 14:15
    1117

    Зургийг: Na Bian/Bloomberg

    “Pop Mart” тоглоомууд, хүүхэлдэйнүүдээ ихэвчлэн "Blind Box" буюу задалж үзэж байж л дотор нь юу байгааг мэдэх савлагаатайгаар борлуулдаг

    “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза өнгөрсөн сард “Vanity Fair”-ийн нэвтрүүлэгт оролцохдоо Хятадын “Pop Mart” компанийн гаргадаг тоглоомуудаас салж чадахгүй байгаагаа хуваалцжээ.

    "Би ухаанаа алдчихдаг. Бараг бүх мөнгөө үрчихсэн гэхэд болно. Хаана ч явсан “Pop Mart” ордог. Нью-Йоркт очвол тэндээс “Pop Mart”-ийн дэлгүүр хайна. Парист очлоо ч ялгаагүй. Эрдэнэс олохтой адил" хэмээн тэрбээр тус компанийн "PUCKY Roly Poly Kitty" цувралын хүүхэлдэйг хайрцгаас нь задлангаа инээд алдан ярьж байлаа. 

    “Pop Mart”-ийн тоглоомд амиа тавьдаг хүн нь ганц Лиза ч биш. Бээжинд төвтэй тус компани энэ онд БНХАУ-ын “Z” үеийнхний л мэддэг брэндээс дэлхийн хэмжээнд ид хүчээ авч буй том тоглогч болж өргөжжээ. АНУ, Австрали дахь салбаруудад нь хүмүүс шинээр гарсан тоглоом авахаар хэдэн цагийн турш, заримдаа бүр шөнөөр дараалалд зогсдог болсныг мэдээлж байна. Парис, Милан, Нью-Йорк зэрэг томоохон хотод “Pop Mart”-ийн дэлгүүрүүд нэлээд олширчээ. Тиймдээ ч тус компанийн гадаад зах зээл дэх борлуулалт энэ онд тав дахин өссөн байна.

    Тоглоомд нь дурладаг үнэнч хэрэглэгчдийн бааз суурийн ачаар “Pop Mart”-ийн хувьцааны ханш 2024 онд 368 хувиар өсөж, “MSCI China Index”-ийн сагсанд багтдаг дийлэнх компанийг өсөлтөөрөө ардаа орхижээ. Үүгээр зогсохгүй “Walt Disney”, “Hello Kitty”-ийн толгой компани “Sanrio” гээд олон улсын өрсөлдөгчдөө дийлсэн байна. Есдүгээр сараар эцэслэгдсэн улиралд дотоодын зах зээлийн борлуулалт нь 55 хувиар, гадаад дахь борлуулалт нь 400 гаруй хувиар өссөнийг тус компани тайлагнаж байв.

    "Үнээрээ бус оюуны өмч, дизайн, бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийг татаж, дэлхийн хэмжээнд том амжилтад хүрсэн Хятадын анхны брэнд нь “Pop Mart” байх" хэмээн “Morgan Stanley”-ийн шинжээч Дастин Вэй онцолжээ.

    “Pop Mart” тоглоомууд, хүүхэлдэйнүүдээ ихэвчлэн "Blind Box" буюу задалж үзэж байж л дотор нь юу байгааг мэдэх савлагаатайгаар борлуулдаг. Нөхцөл байдалд тохирсон, тодорхой дүрүүдэд төвлөрсөн дизайн нь худалдан авагчийн сэтгэл хөдлөлтэй холбогдож, цуглуулах сонирхлыг нь өдөөдөгт компанийн брэнд үнэ цэн оршдог байна. Тухайлбал: компанийн нэрийн хуудас болсон богинохон үстэй, цорвогор уруултай “Molly” хэмээх дүрийг дурдаж болно. Тэрбээр огторгуйн уудмаар аялах сансрын нисэгч “Space Molly”, эсвэл гурван настай бяцхан “Baby Molly” гээд янз бүрийн дүрд хувирдаг.

    Тоглоомуудын үнэ голчлон 69 юань буюу 9.50 ам.доллароос эхэлдэг бол том хэмжээтэй, цөөн тоогоор гаргасан загварууд нь олон мянган юань хүрдэг байна. Мөн Зүүн Өмнөд Азийн цахим худалдааны апп-ууд дээр алдартай, эсвэл ховор хүүхэлдэйнүүдийг анхны үнээс нь хэд нугарсан үнээр борлуулдаг хоёрдогч зах зээл үүссэн аж.

    “Citigroup”-ийн тооцоолсноор “Pop Mart” Хойд Америк, Европт тэлснээр олон улсаас олох орлого нь ирэх онд нийт борлуулалтынх нь 50 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Энэ оны зургаадугаар сарын байдлаар тус компани дэлхий даяар 92 биет дэлгүүр, 160 автомат худалдааны машин ажиллуулж байв.

    Cэтгэгдэл бичих