Зургийг: Гадаад харилцааны яам
Их Британийн Ерөнхий сайдын албыг зургаан жил хашсан, дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Дэвид Камероны айлчлал нь Их Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 11 жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог.
Тэрбээр Төв Азийн 5 орон ба Монгол гэсэн хуваарьтай тойрон айлчлал хийж байгаа бөгөөд тус бүс нутагтай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж, Британийн бизнесүүдэд хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлахын сацуу бүс нутгийн орнуудын бие даасан, хараат бус байдлыг дэмжихэд 50 сая фунт стерлингийн шинэ санхүүжилт олгохоо зарлахаар байгааг Их Британийн ЗГ-аас онцолсон байна.
Тэрбээр уг айлчлалынхаа өмнө Их Британи хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлж буй тухай, мөн нээлттэй байдал, хууль дээдлэх ёс нь хөрөнгө оруулалтыг татах үндэс болдог зэрэг мессежүүдийг багтаасан нийтлэл бичжээ.
Санамж бичгүүдэд гарын үсэг зурав
Айлчлалын хүрээнд талууд хоёр орны харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн гурван баримт бичигт гарын үсэг зурсан.
1.Монгол Улс, ИБУИНХУ хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалыг батлав.
Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болно. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.
2. Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг
Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө.
3. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг
Санамж бичиг геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлнэ.
Британийн хөрөнгө оруулалт нэмэгдсээр
Сүүлийн таван жилийн хугацаанд Их Британиас Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, 2023 оны III улирлын байдлаар 684 сая ам.доллар болсныг ҮСХ-ны мэдээллээс харж болохоор байна. Британийн хөрөнгө оруулалттай 152 компаниас 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 15.5 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин хоёр орны худалдааны нийт эргэлт 2023 онд 65.7 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оноосоо 19 орчим хувиар нэмэгдсэн дүн болжээ. Тэгвэл төгрөгийн фунт стерлингтэй харьцах ханш 2023 оны VII сарын 13-нд 4,510 нэгж буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн сул цэгтээ хүрснээс хойш 7 хувиар чангарсан дүр зурагтай байна.
"Монгол Улс бүх хүний сонирхлыг татах эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Аялал жуулчлалын салбараа орхигдуулахгүйгээр хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч орон болох бололцоотой. Өнөөдрийг хүртэл Их Британиас Монголд ирэх жуулчдын тоо хангалттай их байж чадахгүй байгаа. Харин энэхүү айлчлал хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлэхэд түлхэц болж байна. Тэгээсэй ч гэж би хүсдэг. Түүнийг Монголд ирж байгаад би баяртай байна"
"Монгол, Их Британи хоёр улс газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш боловч технологиор дамжуулан харилцаагаа хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, энд бидэнд чадавх нь байна, жишээ нь эндхийн нэг компаниар дамжуулан Монголын талаас компани, үйлчилгээ эсвэл эрдэм шинжилгээний институтын аль нь ч байсан түншилж Монгол улсын зорилго тэмүүлэлд хэрхэн нийцүүлж ажиллах вэ гэдгээ тодорхойлно. Тэгэхээр чадавх нөөц бололцоог хослуулснаар хоёр талд ашигтай харилцааг бий болгох маш томоохон боломж байна гэж би харж байна"