logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Японы компаниуд засаглалаа сайжруулж, Nikkei 225 "баатарлагаар" эргэн ирсний цаана...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 28 11:28
    585

    Зургийг: Kazuhiro Nogi/ AFP via Getty Images

    Өсөлт түр зуурынх байж магадгүй гэсэн зарим болгоомжлолыг эс тооцвол дийлэнх шинжээчид, хөрөнгө оруулагчид өдгөө Японы хөрөнгийн зах зээл илүү бат бөх суурин дээр зогссон гэдэгт итгэлтэй байна

    Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байх үүрэг хүлээхээр болоод байна. Компанийн хариуцлага, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ мэтийн алхмууд нь гадаадын хөрөнгө оруулалттай хосолсноор өсөлтөд хэрхэн түлхэц болдгийг Японы “Nikkei 225” индексийн жишээн дээр харцгаая.

    Түүхэн өсөлтийн хөдөлгөгч хүчин зүйлс

    Япон улс дефляциас эцэст нь гарч, тогтвортой өсөлтийн замдаа орсон гэж мөрийцсөн хөрөнгө оруулагчид тус улсад мөнгөө цутгаснаар “Nikkei 225” индекс өнгөрсөн долоо хоногт 34 жилийн өмнө хүрч байсан дээд цэгээсээ давсан юм.

    “Nvidia”-ийн борлуулалтын төсөөлөл зах зээлийн хүлээлтийг эвдсэний дараа технологийн компаниуд, чип үйлдвэрлэгчдийн хувьцаа өссөн нь "Nikkei"-ийн үсрэлтийг өдөөжээ. "Их хямрал"-ын үеийн дараах “Wall Street”-ийн сэргэлтээс ч илүү удаан хугацааг зарцуулсан энэхүү баатарлаг эргэн ирэлт нь нэг ёсондоо Японы хувьцааны зах зээл дахин төрснийг илэрхийлж буй.

    unnamed (14).jpg

    Өсөлт түр зуурынх байж магадгүй гэсэн зарим болгоомжлолыг эс тооцвол дийлэнх шинжээчид, хөрөнгө оруулагчид өдгөө Японы хөрөнгийн зах зээл илүү бат бөх суурин дээр зогссон гэдэгт итгэлтэй байгаа юм. Мөн хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй компанийн соёл бүрэлдэж, өсөлт тогтворжсон нь БНХАУ зэрэг ороо бусгаа зах зээлүүдэд туйлдсан томоохон сангууд Японд илүү найдлага тавихад нөлөөлж байна.

    Японы хөрөнгийн захын түүхэн өсөлтийн цаана дараах хөдөлгөгч хүчнүүд байсан гэж үзэж болох юм.

    Өрсөлдөгч зах зээлүүдийг илүүрхэв: Инфляцын дохио ажиглагдаж, тус улс энэ оны сүүлээр хасах утгатай бодлогын хүүгийн мөчлөгөө дуусгавар болгох хүлээлт үүссэн нь компаниудад Японд бизнесээ өргөжүүлэхэд төвлөрч их хэмжээний мөнгө хаях урам өгчээ. Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет Японы хамгийн том компаниудад эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлсэн нь Токиог чиглэсэн сонирхлыг улам асаасан байна.

    2024 он гарсаар “Nikkei” индекс 16 хувь өссөн нь бусад голлох зах зээлүүдээс давуу үзүүлэлт болоод зогсохгүй сүүлийн 12 сарын хөдөлгөөнийг нь харвал бүр ч том дүнгээр илүүрхэж байгаа юм.

    ГХО-ын урсгал: “Nikkei”-ийн өсөлт ердөө моментын тоглолт болж, мөнгөний урсгал дахин БНХАУ-ыг чиглэхтэй холбоотой эргэлзээ, болгоомжлол байгаа ч гадаадын хөрөнгө оруулагч үүнд огт санаа зовоогүй байна. Тэд илүү өргөн хүрээг хамарсан "Topix Prime Index"-ийн нийт арилжааны 70 хувийг бүрдүүлж, өсөлтийн хөдөлгөгч хүч болоод зогсохгүй дотоодын хөрөнгө оруулагчдын сул идэвх, зарах хандлагыг нөхжээ.

    1989 онд Японы хөрөнгийн захад гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшил тав хүрэхгүй хувийг бүрдүүлж байсан бол өдгөө 30 хувьд хүрээд байна.

    unnamed (15).jpg

    Ижил үнэ, өөр бүрдэл: 1989 онд зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэгч 50 компанийн 32 нь Япон компани байсан бол өдгөө цор ганц “Toyota” л дэлхийн топ 50-ийн жагсаалтад тус улсаас багтаж байна. Тухайн үед хувьцааны өндөр үнийн ачаар Японы банкнууд жинхэнэ ноёрхож байсан бол өдгөө зах зээл илүү тэнцвэржиж, төрөлжсөн нь таатай үр дүн авчирчээ.

    Өсөлтийн потенциал: Энэ оны огцом өсөлтийг үл харгалзан өдгөө “Nikkei”-д багтдаг хувьцаануудын 37 хувь нь дансны үнээсээ доогуур үнээр арилжаалагдаж байгаа нь хэрэв бизнесээ зөв жолоодож чадвал өсөлтийн орон зай байгааг харуулж байна. 1989 онд Япон хувьцаануудын үнэлгээ дээд цэгтээ тулаад байсантай харьцуулахад өнөөгийн нөхцөл байдал огт өөр гэсэн үг юм.

    Эцсийн хөдөлгөгч хүч – Засаглал

    Өмнө нь хувьцаа эзэмшигчид тийм ч чухал биш гэдгээрээ Японы компаниудын менежмент олон улсын компаниудынхаас өөр байжээ. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдыг төдийлөн ойшоодоггүй, тэднийг сонсохыг хүсдэггүй байдал олон жил үргэлжилсэн байна. Харин хувьцаа эзэмшигчид компаниудаас ямар хүлээлттэй байгаа талаар байр сууриа илүү идэвхтэй илэрхийлдэг болсноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмшил ихээр өссөнийг "Bloomberg News"-ийн Ахлах сурвалжлагч Хидэюки Сано ярилцлагадаа дурдсан юм.

    unnamed (16).jpg

    Япон улс 10 гаруй жилийн өмнө компанийн засаглалын реформ эхлүүлж, Засгийн газрынх нь зүгээс компаниудад хандаж засаглалаа сайжруулах шаардлага тавих болжээ. Компаниуд хөрөнгө оруулагчидтай ярилцаж, хөрөнгө оруулагчид ч тухайн компанийн менежментийн багтай хамтран ажиллах шаардлагатай гэж Засгийн газар нь үзсэн байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд Японы хөрөнгийн захын өсөлтөд компанийн засаглалтай холбоотой хүчин зүйлс томоохон нөлөө үзүүлснийг тэрбээр онцолж байлаа.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих