
Зургийг: Woohae Cho/Bloomberg
Саяхныг хүртэл цэргийн шинжээчид БНСУ-ын “Hanwha Aerospace” компанийн зэвсгийг “эртний эдлэл” гэлцдэг байлаа. Гэтэл Украин дахь дайнаас үүдсэн зэвсгийн экспортын огцом өсөлт нь тэдний бодол буруу байсныг батлаад байна.
Гадаадын өрсөлдөгчид нь VI үеийн сөнөөгч онгоц, нисгэгчгүй дрон руу шилжээд байхад БНСУ-ын батлан хамгаалахын гэрээт үйлдвэрлэгч “Hanwha Aerospace” компани бараг 50 жилийн турш хуурай замын зэвсгийн үйлдвэрлэлээ тасралтгүй явуулсаар байна. Өнөөг хүртэл цэргийн шинжээчид “Hanwha Aerospace”-ийн зэвсгийг XXI зууны дайн байлдаанд тохиромжгүй, хоцрогдсон гэж үзэж байв.
Гэтэл бараг бүхэлдээ хуурай газрын фронтод явагдаж буй Украины дайн тэдний бодол буруу байсныг баталлаа. “Hanwha Aerospace”-ийн хуучны загвартай хуягт машин техник, сум хэрэгслийн эрэлт өндөр байгаа нь тус компани зөвхөн богино хугацаанд үйлдвэрлээд зогсохгүй АНУ, Европын Холбооны компаниудыг бодвол илүү хямд үнээр нийлүүлж байгаатай нь холбоотой. ОХУ Украин руу халдан довтолсноос хойших хоёр жилийн хугацаанд “Hanwha Aerospace”-ийн зэвсгийн экспортоос олох орлого 11 дахин өсөж, 1.1 тэрбум доллар хүрснээр тус компанийн нийт зэвсгийн борлуулалтын 26 хувийг бүрдүүлэх болжээ. Мөн хувьцааных нь ханш 350 орчим хувиар өссөн байна.
Дэлхий дахины дундаршгүй их эрэлтийг хангахын тулд “Hanwha Aerospace” өнгөрсөн онд олон зуун шинэ ажилтнаар ажиллах хүчээ зузаатгасан байна. Мөн илүү том судалгаа, хөгжүүлэлтийн багтай болсон тул VI үеийн сөнөөгч онгоцны хөдөлгүүрийг бүтээхээр төлөвлөөд буй ч хуурай замын уламжлалт зэвсгийн үйлдвэрлэл нь гол бүтээгдэхүүн байсаар байхыг “Hanwha Aerospace”-ийн Гүйцэтгэх захирал Сон Жэ Ил хэлжээ.

"Hanwha Aerospace”-ийн Гүйцэтгэх захирал Сон Жэ Ил
"АНУ дэлхийн батлан хамгаалахын нийт системүүдийн 40 хувийг бүрдүүлдэг ч бүх эрэлтийг дангаараа хангаж чадахгүй. Бид дунд оврын хамгаалалтын систем болох өөрөө явагч их буу, хуягт машин, танк үйлдвэрлэлд төвлөрч ажилладаг. Энэ чиглэлд бид хэдийнэ дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн" гэж Сон Жэ Ил “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Дэлхийн батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт сул орон зай байсаар байгааг “Hanwha Aerospace”-ийн сэргэлт харуулж байна. АНУ болон Европын ихэнх үйлдвэрлэгчид стратегийн зэвсэг, өндөр нарийвчлалт тусгалтай пуужин зэрэг нэн орчин үеийн технологи руу шилжсэн. Хэдий тийм боловч тэдгээр шинэ үеийн зэвсгүүд нь дэндүү өндөр өртөгтэйгөөс гадна урт хугацааны бэлтгэл сургуулилалт шаардлагатай тул улс орнуудын худалдан авах сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
Энэ нь “Hanwha Aerospace”-ийн үеэ өнгөрөөсөн гэх зэвсгийн үйлдвэрлэлд шинэ үүд хаалга нээж өгчээ. “АНУ болон Европын батлан хамгаалахын компаниудад ийм зэвсэг үйлдвэрлэх сонирхол байхгүй. БНСУ-ын үйлдвэрлэж байгаа зэвсгүүд нь дэвшилтэт биш ч “Lockheed Martin” болон “Boeing”-ийн хийдэггүй зэвсэг гэдгээрээ онцлог" хэмээн БНСУ-ын Тэнгисийн цэргийн бэлтгэл ахмад, Цэргийн хэргийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Юн Сок Жүн онцолжээ.
2022 оноос хойш Польш улс “Hanwha Aerospace”-ийн гол худалдан авагчдын нэг болж, багадаа 670 ширхэг өөрөө явагч "К9" их буу, 290 пуужин харвагч захиалсан байна. Мөн Египет рүү их буу, Их Британи руу сум хэрэгсэл ч нийлүүлсэн байна. Хэрэв Румынтай хийж буй хэлцэл нь амжилттай болбол "К9" их буугаа худалдсан 10 дахь улс болох аж.
Өнгөрсөн онд “Hanwha Aerospace” өрсөлдөгч компани болох Германы “Rheinmetall AG”-аас өрсөн Австралид 129 танк нийлүүлэх 3.3 тэрбум ам.долларын хэлцэл хийж чадсан байна. Энэ нь Австралийн түүхэн дэх батлан хамгаалахын хамгийн том төслүүдийн нэг болж байгаа юм.
“Daol Investment & Securities” үнэт цаасны компанийн шинжээч Чой Гван Шик “Hanwha Aerospace”-ийн хувьцааг “итгэмээргүй сайн үзүүлэлттэй” гэж тодорхойлсон бөгөөд “компанийн хувьд одоо санаа зовох зүйл юу ч алга” гэжээ. “Bloomberg”-ээс шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар тус компанийн хувьцааны ханш ирэх 12 сарын хугацаанд дунджаар 30 хувиар өсөх төлөвтэй байна.

Солонгосын хойгт томоохон мөргөлдөөн гараагүй олон жилийн нүүр үзсэн ч хоёр Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй, мөн БНАСАУ пуужингийн туршилтаа үргэлжлүүлэн хийсээр байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ оны эхээр БНСУ-ыг бүрэн устгах хууль ёсны эрхтэй гэдгээ мэдэгдэж байв. Сүүлд л гэхэд Пхеньян хог хаягдал бүхий 1000 гаруй бөмбөлгийг өмнөд хөрш рүүгээ илгээсэн юм.
Умардын энэхүү тасралтгүй өдөөн хатгалга нь “Hanwha Aerospace” болон БНСУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьд дотоодын эрэлт тогтвортой хэвээр байна гэдгийг илтгэж буй.
"Европт удаан хугацаанд энх тайван оршсон. Гэтэл манай оронд батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбар тэлэх нь цаг хугацааны асуудал байсаар ирсэн. Бидний хувьд энэ нь дуртайяа мөнгө зарцуулаад байхаар зүйл биш ч БНАСАУ байгаа учраас бид ингэхээс өөр аргагүй” хэмээн Сон Жэ Ил мөн онцолж байна.

АНУ болон Европын батлан хамгаалахын гэрээт үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ шинээр эхлүүлэх, эсвэл эрчимжүүлэхээр яарч буй энэ үед “Hanwha Aerospace” худалдан авагчдад үйлдвэрлэлийн жигд шугам, нийлүүлэлтийн бүрэн бүтэн сүлжээ, шуурхай хүргэлтийн санал болгож байгаа юм.
“Hanwha Aerospace” гол бүтээгдэхүүн “K9” их буугаа 180 хоногийн дотор үйлдвэрлэж чаддаг нь өрсөлдөгч компаниудаас 2-3 дахин хурдан үзүүлэлт аж. Нэмэлт зардал бага тул бүтээгдэхүүн нь мөн илүү хямд. Нэг “K9” ойролцоогоор 3.5 сая ам.долларын үнэтэй нь өрсөлдөгчдийнхөө санал болгодог үнийн гуравны нэгтэй тэнцэж байна.
"БНСУ-ын үйлдвэрлэсэн зэвсгүүд нь чанар сайтай мөртөө АНУ болон барууны орнуудынхтай харьцуулахад боломжийн үнэтэй, мөн хүргэлт нийлүүлэлтийн үр ашигтай байдлаараа илүү" хэмээн Хавай дахь Даниел Иноуегийн нэрэмжит Батлан хамгаалахын судалгааны төвийн профессор Лами Ким онцолжээ.
Товчхондоо дэлхийн бүхий л өнцөг буланд эрэлт өсөж, нэр хүндтэй зэвсэг үйлдвэрлэгчид нийлүүлэлтийг хангаж чадахгүй байгаа энэ үед найдвартай, хямд үнэтэй зэвсгийн худалдаа хийхийн давуу талыг дутуу үнэлж боломгүй байна. Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрсөн онд дэлхийн батлан хамгаалах салбарын зардал 6.8 хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн огцом өсөлт бөгөөд цаашдаа ч удаашрах шинж тэмдэг харагдахгүй байна.
“Hanwha Aerospace” саяхан “BAE Systems”-ийн АНУ-д байршилтай зэвсгийн үйлдвэрийг шинэчлэх төслийн тендерт ялсан нь дээрх бүгдээс үүдэж буй боломжуудын нэг жишээ. Үүгээр зогсохгүй Саудын Араб, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнууд өөрсдийн цэрэг армийн хүчээ зузаатгахаар яаравчилж буй.
Өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд “Hanwha Aerospace” өнгөрсөн онд 700 гаруй шинэ ажилтан авч, нийт ажиллах хүчээ 7000 орчимд хүргэсэн бөгөөд тэдний 30-аас илүү хувь нь судалгаа, хөгжүүлэлт, тэр дундаа алсын тусгалтай болон автомат удирдлагатай зэвсэг, мөн сөнөөгч онгоцны хөдөлгүүр хөгжүүлэх ажилд төвлөрч буй юм. Ойрын 10 жилдээ эдгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөжээ.
"Эцсийн дүндээ бид зургаа дахь үеийн сөнөөгч онгоцонд зориулагдсан хөдөлгүүрийг хийнэ. Одоогоор бид зөвхөн импортолж, гадаад компанийн лицензээр агаарын хөлгийн хөдөлгүүр үйлдвэрлэж байна. Ингэхээ болиод дотооддоо бүгдийг хийе гэж бодсон” хэмээн Сон Жэ Ил онцоллоо.