
Зургийг: AFP/Getty Images
БНХАУ-ын Австралиас импортлох металлургийн нүүрсний хэмжээ 2020 оноос өмнөх түвшиндээ хэзээ ч эргэж хүрэхгүй байх магадлалтай гэж “S&P Global”-ийн шинжээчид үзэж байна.
Бээжингээс Австралийн нүүрсэнд тавиад байсан албан бус хоригоо цуцалснаас хойших жил орчмын хугацаанд Хятад улсын бусад бүх нийлүүлэгчдээсээ импортолсон коксжих нүүрсний хэмжээ хоригийн өмнөх түвшнийг давж сэргээд байгаа юм.
2023 оны эхний 10 сард тус улсын нүүрсний нийт импорт өмнөх оны мөн үеэс 57.1 хувиар өсөж, 81.1 сая тонн хүрснээс дийлэнхийг нь Монгол, ОХУ-ын нийлүүлэлт хангасан бол энэ хугацаанд Австралийн нийлүүлэлт гурав хүрэхгүй хувийг нь эзэлжээ.
Австралийн нийлүүлэлт тасарсан үед БНХАУ-ын худалдан авагчид Монголын өндөр чанартай коксжих нүүрс, ОХУ-ын хүхэр, үнс багатай нүүрсний импортыг нэмэгдүүлсэн бөгөөд энэ байдал өдийг хүртэл хадгалагдахад Монгол, ОХУ-ын нүүрс үнийн хувьд "өрсөлдөх чадвар маш сайтай" нь нөлөөлснийг “Wood Mackenzie”-ийн шинжээч Саймон Ву онцолсон байна.
“Mongolian Mining Corporation”-ийн өсөлт үргэлжлэх төлөвтэй
Монгол Улсыг БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болгосон энэхүү өсөлтийн төв цэгт “Mongolian Mining Corporation” байгаа бөгөөд цаашдаа ч эерэг нөлөөг нь ихээхэн хүртэнэ гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Келвин Нг бичжээ.
“Bloomberg Intelligence”-ийн судалгаагаар “Mongolian Mining Corporation”-ийн борлуулалт 2018-2022 онд Монгол Улсын нүүрсний нийт экспортын 12 орчим хувийг бүрдүүлсэн аж. Тус компанийн гол уурхайнууд БНХАУ-ын хилтэй ойр байршилтай нь үүнд дэмжлэг болсон бөгөөд дээр дурдсанчлан ирэх жилүүдэд БНХАУ Австралиас бус Монголоос коксжих нүүрсээ илүүтэй авахаар зорьж байгаа нь “Mongolian Mining Corporation”-ийн ашиг үргэлжлэн өсөхөд нөлөөлөх төлөвтэй гэсэн байна.