
Зургийг: Yorgos Karahalis/Bloomberg
Европын Төв банк энэ онд бодлогын хүүгээ дахин хоёр удаа бууруулах нь зүйтэй гэж тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Яннис Стурнарас байр сууриа илэрхийллээ. Энэ нь эдийн засгийн өсөлт болон инфляцын сүүлийн үеийн мэдээлэлд үндэслэсэн болохыг тодотгосон байна.
Өнгөрсөн сард тус банкнаас бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулсны дараа Евро бүсийн 20 улсад инфляц хангалттай тогтворжиж, мөнгөний бодлогыг дахин зөөлрүүлэх боломжтой эсэхийг шинжилж байна. Энэ онд бодлогын хүүг 1-2 удаа дахин бууруулах боломжтой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Евро бүсийн хэрэглээний үнийн индекс зургаадугаар сард 0.1 нэгж хувиар буурч, 2.5 хувь болсон ч Европын Статистикийн газраас мягмар гарагт гаргасан тайланд үнийн дарамтыг үүсгэж буй суурь хүчин зүйлүүд хэвээр байгаа төдийгүй үйлчилгээний инфляц зорилтот хоёр хувиас хоёр дахин өндөр байгааг анхааруулсан байна.