Зургийг: Xinhua
Оны эхний дөрвөн сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс найм орчим хувиар өссөн байна. Харин гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Экспорт 4.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан бол импортын үнийн дүн 3.4 тэрбум ам.доллар хүрч, 30 хувиар өсжээ.
Гол нэрийн бараанаас боловсруулаагүй нефтийн экспорт 10.5 хувиар, малын мах дайвар бүтээгдэхүүн, алт, ямааны угаасан ноолуурын экспорт 25-42 хувиар буурсан бол чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт өмнөх оны мөн үеэс 28-35 хувиар өссөн дүнтэй байна.
Гаалиар орж ирсэн суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 2.3 дахин буюу 25 мянга 247 ширхгээр, ачааны автомашины импорт өмнөх оны мөн үеэс 65.7 хувиар буюу 3755-аар нэмэгджээ. Харин автобензин, дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 35-38 хувиар өсөж, 299.2-533.9 мянган тонн болсон байна.
Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд оны эхний дөрвөн сард өндөг, хуурай сүү, цагаан будааны импорт өмнөх оны мөн үеэс 20-80 хувиар буураад байгаа аж. Тодруулбал: өндөгний импорт 2023 оны мөн үеэс 80 хувиар, 2022 оны мөн үеэс 83.9 хувиар буурчээ. Харин ургамлын тосны импорт 56 хувиар, элсэн чихрийн импорт өнгөрсөн оны мөн үеэс 48.1 хувиар, хүнсний ногооных 39.1 хувиар өсжээ.