
Зургийг: jadegas.com
Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Jade Gas” компани "Улаан нуур" талбайдаа үйлдвэрлэлийн цооногийн хөтөлбөрөө эхлүүлснээ зарлалаа. Тодруулбал тус компани нэг километр орчим урттай эхний дөрвөн цооногийн өрөмдлөгийг эхлүүлсэн бөгөөд 2024 оны эцэс гэхэд өрөмдлөгийн ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдээлжээ.
“Jade Gas” ийнхүү "Улаан нуур" талбайн цооногуудынхаа туршилтын хөтөлбөрийг алгасаж, шууд үйлдвэрлэлийн шат руу шилжсэнээр арилжааны зорилгоор олборлолт явуулж, орлого бүрдүүлэх боломжтой болох юм. Бүс нутгийн өндөр эрэлтийг хөшүүрэг болгон ашиглаж, өмнийн говийн бүсэд дизель түлшийг орлох шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх нь гол зорилт болохыг компани онцолсон байна.
Энэ мэдээ гарсны дараа Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas” компанийн хувьцааны ханш 12 хувиар огцом өсөв. Тус компани "Тавантолгой 33" метан хийн талбайг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр эзэмшдэг бөгөөд "Эрдэнэс Монгол" нэгдлийн “Эрдэнэс Метан” ХХК-тай түншлэн тус төслийн үйл ажиллагааг удирдаж байгаа юм.