logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Улаан давлагаа"- АНУ-ын тарифаас үүдэлтэй дэлхийн санхүү, хөрөнгийн захын уналт гүнзгийрсээр…
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 08 09:00
    573

    Зургийг: Bloomberg

    Дональд Трамп: Зах зээлийг нэг хором ч болов мартаач

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын шийдвэрээс үүдэлтэй дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээл дэх улаан давлагаа даваа гарагт эрчээ огтхон ч алдсангүй. Азийн хувьцаанууд арилжааны эхнээс дуусах хүртэл цохилт амссан бол АНУ-д хувьцааны фьючерс зах зээл бүхэлдээ улайж, хөрөнгийн захын үнэлгээнээс таван их наяд ам.доллар арчсан уналт дуусах болоогүйг илтгэв.

    Бүгд доошоо: Нью-Йоркоос Лондон, Шанхайгаас Сидней хүртэл бүхий л зах зээлд хөрөнгө оруулагчид эрсдэлтэйд тооцогддог хөрөнгө болгоноос дайжиж байна. “S&P 500” фьючерс индекс арилжаа эхэлснээс хойш таван хувиар унасан бол АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш өсөж, өгөөж нь эхнээсээ 3.9 хувь руу орлоо. Харин Европын “Stoxx 600 Index” зургаан хувиар унаж, Азийн жишиг индекс 2008 оноос хойших хамгийн огцом уналтаа бүртгэв.

    Түүнчлэн БНХАУ-ын гадаадад бүртгэлтэй хувьцаа, компанийн бондууд шалдаа бууж, харин Засгийн газрын бондуудынх нь өгөөж бүх цаг үеийн дээд цэгтээ ойртжээ. Улмаар Тайванийн жишиг индекс түүхэндээ байгаагүй дүнгээр, Хонконгийн “Hang Seng Index” 1997 оноос хойших хамгийн өндөр дүнгээр уналаа.

    Трамп гүрийв: АНУ-ын Ерөнхийлөгч ням гарагт сэтгүүлчдэд яриа өгөхдөө тарифын шийдвэрээсээ буцахгүй гэсэн дохио өгч, “зах зээлийг нэг хором ч болов мартаач” гэв. Түүнчлэн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент импортын тарифыг зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байсныг бататгаж, улсынх нь эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлтийг үгүйсгэсэн юм. 

    unnamed.jpg

    Дашрамд дурдахад, “Goldman Sachs” АНУ-ын эдийн засаг уналтад орох буюу хоёр улирал дараалан агших магадлалыг 45 хувь болгон нэмэгдүүлээд байна. Уналтаас болгоомжилсон Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ таван удаа бууруулна гэсэн хүлээлт арилжаалагчдын дунд давамгайлж эхэллээ.

    Хятад зүгээр суухгүй: Дональд Трампын гол бай болоод буй БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд тарифын дайныг сөрөн эдийн засаг, зах зээлээ тогтворжуулах арга хэмжээнүүдийг хэлэлцжээ. Үүнд хэрэглээний зардлыг идэвхжүүлэх төсвийн дэмжлэгийн арга хэмжээ багтсан аж.

    Баасан гарагт Ши Жиньпиний Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас эхлээд АНУ-аас авах бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний импортод Дональд Трампын нэмж тогтоосонтой яг тэнцүү буюу 34 хувийн тариф ногдуулах шийдвэрээ зарлалаа. Мөн долоон төрлийн газрын ховор элементийн экспортыг нэн даруй хориглох зэрэг хэд хэдэн хариу арга хэмжээ авсан байна.

    “TikTok”-ийн хувь заяа: Шинэ тарифаас үүдэн хоёр улсын зөрчил хурцадсанаар “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг зарах замаар үйл ажиллагааг нь хэвийн явуулах хэлцэл зогсонги байдалд оржээ. Дональд Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд “ByteDance”-ийн эзэмшдэг тус платформыг америк худалдан авагчид зарах гэрээн дээр ажиллаж буйгаа мэдэгдлээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын тал тус  гэрээнд заавал гарын үсэг зурах ёстой юм.

    unnamed (1).jpg

    Улсуудын маневр: Дональд Трампаас 46 хувийн тариф хүртээд буй Вьетнам улсын эрх баригч коммунист нам АНУ-д захидал илгээж, ногдуулсан тарифаа тэглэхийг хүссэн байна. Мөн 25 хувийн тариф тогтоолгосон БНСУ энэ долоо хоногт Худалдааны сайдаа АНУ руу илгээж хэлэлцээ хийлгэх аж. Харин Япон улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба шинэ тарифын арга хэмжээнээс чөлөөлөгдөж чадаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ долоо хоногт Дональд Трамптай утсаар ярилцах санал тавьжээ.

    Эцэст нь хямрал бүрд боломж оршдог. Австралийн хамгийн том тэтгэврийн сангуудын нэг “Aware Super” зах зээлийн энэхүү чөлөөт уналтыг ашиглаж, нэлээн хямдарсан байгаа хувьцаануудыг худалдаж авахаар бэлтгэж эхэлжээ.

    Cэтгэгдэл бичих