logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Fitch: Шинэ засгийн газрын урт хугацааны төсвийн бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд нэн чухал байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 04 15:15
    691

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    2024 оны УИХ-ын сонгуулийг ардаа орхиод буй Монгол Улсын зээлжих зэрэглэлийн байдалд нөлөөлөх гол хүчин зүйлсийг “Fitch Ratings” агентлаг танилцууллаа

    “Шинээр байгуулагдсан Засгийн газрын урт хугацааны төсвийн бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд нэн чухал байна” гэдгийг “Fitch Ratings” тодотголоо. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын нөлөөгөөр эрчимжиж буй Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байдлаа хадгалахад оновчтой санхүүгийн бодлого нь чухал байна гэж үзэж байна.

    2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Ардын нам дахин олонх болсон нь нэг талаас эдийн засгийн бодлого өргөн хүрээгээрээ үргэлжлэх боломжийг нээж өгч байна гэдгийг “Fitch Ratings” онцоллоо.

    Үүнтэй холбоотойгоор стратегийн уул уурхайн төслүүдэд сөргөөр нөлөөлөх хэмжээний эдийн засгийн бодлогын өөрчлөлт хийгдэх эрсдэл бага байна гэж үзжээ. Үүнийг дагаад ирэх жилүүдэд шууд хөрөнгө оруулалтын урсгал хэвийн хадгалагдана гэж таамаглаж байна.

    “Fitch Ratings” агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" түвшинд хэвээр үлдээж, төлөвийг “Тогтвортой” байна гэж мэдэгдээд байсан юм. Хэдий тийм боловч 2024 онд төсөв болон урсгал данс эргэн алдагдалд орно гэж таамаглажээ. Үүнд санхүүгийн тэлэх бодлого болон дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлнө гэж харж байна.

    Үүнээс гадна “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө ахиуллаа. Тухайлбал: хоёрдугаар сард гаргасан “Fitch Ratings” Монгол Улсын эдийн засаг 2024 онд дөрвөн  хувиар тэлнэ гэсэн төсөөллөө ахиулж, долоон хувь болгосон байна. Урсгал дансны алдагдал энэ онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэхээр байгаа нь “Fitch Ratings”-ийн өмнөх төсөөллөөс сайжирсан үзүүлэлт болж байна. Мөн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний  нэг хувьтай тэнцэхээр байгаа нь “Fitch Ratings”-ийн хоёрдугаар сард хийсэн төсөөлөл болох хоёр хувиас бага үзүүлэлт болж байгаа юм.

    Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд ийнхүү сайжирч байгаа нь зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөвт эергээр нөлөөлж байгааг тодотголоо. Хэдий тийм боловч уул уурхай, түүхий эдийн өсөлтийн циклийн үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эрсдэлээ оновчтой удирдах нь зээлжих зэрэглэлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

    “Fitch Ratings”-ийн зэрэглэл тогтоодог орнууд дундаас уул уурхай, түүхий эдийн салбараас хамгийн өндөр хамааралтай нь Монгол Улс  гэдгийг тайландаа дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих