Зургийг: Samuel Corum/Bloomberg
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа. Харин Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар ахиулж, 6.6 хувьд хүргээд байна.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банк өмнөх тайландаа дурдаж байсан юм. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд дунджаар зургаан хувийг давах төлөвтэй байна. Үүнд “Оюу Толгой”-ийн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж байгааг тодотгож байлаа.
Шинэ тайлангийн онцлох үзүүлэлтүүдээс харвал Өмнөд Америкийн хойд эрэгт орших Гайана улсын эдийн засаг энэ онд 34.3 хувиар өснө гэж тооцоолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн 21 мянган хүн амтай Палау улсын эдийн засаг энэ онд 12.4 хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолсон нь Зүүн Өмнөд Азийн улс орнууд дотроо тэргүүлж байгаа юм.
Үүнээс гадна Дэлхийн банк сүүлийн хоёр сард эдийн засгийн гол үзүүлэлтүүд нь сайжирч буй БНХАУ-ын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллөө 0.3 нэгж хувиар ахиулж, 4.8 хувь болгосон байна. Хэдий тийм боловч тус улсад хүнсний үнэ өнгөрсөн оны уналтаасаа тогтворжиж эхэлсэн тул инфляц ялимгүй эрчимжих төлөвтэй байгаа аж.
Харин “Монгол Улсад инфляц үргэлжлэн эрчимжих төлөвтэй байна. Тухайлбал: цаг агаарын нөхцөл байдал хөдөө аж ахуй болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарцад нөлөөлж, хүнсний нийлүүлэлт буурснаар үнийг хөөрөгдөнө” гэж Дэлхийн банк тайланд онцолжээ.
Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн төлөвийг ерөнхийд нь авч үзвэл богино хугацааны өсөлт ажиглагдах ч өмнөх стандартуудтай харьцуулахад тааруу байх төлөвтэй байна гэж үзсэн байна.
Мөн “Дэлхийн нийт хүн амын 80 хувийг бүрдүүлж буй 60 гаруй улс орны эдийн засгийн үзүүлэлт 2024-2025 онд 2010 оны дундаж үзүүлэлтээс доогуур байх төлөвтэй байна. Үүнд геополитикийн хурцадмал байдал, худалдааны тасалдал, бодлогын хүүгийн түвшнийг удаан хугацаанд бууруулахгүй хадгалж байгаа болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байгаа зэрэг нь гол нөлөө үзүүлж байгаа”-г Дэлхийн банкны тайланд онцолжээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа чухал байгаа. Тэр дундаа худалдааны аюулгүй байдал, ногоон эрчим хүчний шилжилт, дижитал шилжилт, хүнсний аюулгүй байдлыг дэмжиж, хурдасгах чиглэлд улс орнууд хамтран ажиллах шаардлагатайг тодотгож байна.
Хөгжиж буй улс орнуудад Төрийн хөрөнгө оруулалт нь бүтээмжийг дэмжиж, хувийн хөрөнгө оруулалт татсанаар урт хугацааны өсөлтийг дэмжинэ гэж үзжээ.