Зургийг: Cristóbal Olivares/Bloomberg
Дэлхийн хэмжээнд цэнэг хураагуурын гол түүхий эд болох литийн эрэлт буурч байгаагаас үүдэн лити нийлүүлэгчид зардлаа танаж байна. Лити нийлүүлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан, мөн шинэ уурхайнууд нээгдэж зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл бий болоод байгаа аж. Үүнээс үүдэн литийн ханш 2022 оны дээд түвшнээс 80 гаруй хувиар унаад байна. Хэдий тийм боловч улс орнууд шатах түлшнээс татгалзаж, ногоон шилжилт хийж байгаа нь литийн урт хугацааны төлөвт сайнаар нөлөөлж байгаа юм.
Лити үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Albemarle” компани "Цахилгаан автомашины эрэлт энэ онд 30 хувиар өснө" гэж үзэж байгаа аж. Улмаар ойрын хугацаанд литийн нийлүүлэлт эрэлттэйгээ тэнцвэржинэ гэж харж байна. Түүнчлэн тус компани литийн эрэлт 2030 он гэхэд 2.5 дахин өснө гэж таамаглажээ. Литийн эрэлт нийлүүлэлтэд цахилгаан автомашины зах зээл далайцтай нөлөө үзүүлж байгаа юм.
Харин судалгааны “Wood Mackenzie” компанийн тайланд дурдсанаар цахилгаан автомашины борлуулалт энэ онд өмнөх жилүүдээс бага хэмжээнд буюу 33 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Мөн литийн нийлүүлэлт үргэлжлэн буурна гэж таамагласан байна.
Үүнээс гадна 2024 онд литийн хэд хэдэн шинэ төсөл эхлэхээр байгаа юм. Төсөл хэрэгжүүлж буй компанийн туршлагаас үл хамааран төсөл бүр өөр өөрийн онцгой сорилттой тулгарахыг “Wood Mackenzie” тайландаа онцолжээ. Тухайлбал: уул уурхайн компаниуд хүдрийн нөөц, баяжуулалттай холбоотой сорилттой тулгарах бол лити сайжруулах төслүүд цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээний шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд химийн нарийвчлалтай холбоотой асуудалтай нүүр тулна гэж тодотгосон байна.