
Зургийг: Tan Yunfeng/VCG via Getty Images
Натрид суурилсан цэнэг хураагуурын шинэ технологид салбарын аваргууд мөнгө хаяж эхэлсэн нь эрчим хүчний шилжилтэд нэн чухал үйлдвэрлэлд дахин нэг томоохон өөрчлөлт ирж магадгүйн дохио болж байна.
Чулуун давс, давстай усанд агуулагддаг натри нь өдгөө ихэнх цэнэг хураагуурт ашиглагдаж буй литээс илүү хямд, мөн байгальд харьцангуй өргөн тархалттай тул эрчим хүчний нөөцлөлт, цахилгаан автомашины технологид эрчимтэй нэвтрэх боломжтойд тооцогдож буй. Хэдий тийм боловч натрийг өргөн хүрээнд хараахан ашиглаж эхлээгүй байгаагийн шалтгаан нь хэдийгээр лититэй химийн шинж чанар, бүтцийн хувьд ойролцоо боловч цахилгаан автомашинд ижил хэмжээтэй литийн цэнэг хураагуур хүчин чадал, туулах зайгаараа натрийн цэнэг хураагуураас илүү байдагтай холбоотой аж.
Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж магадгүй болжээ. Өнгөрсөн долоо хоногт Шведийн “Northvolt” компани кобальт, никелийн агууламжгүй, кг тутамдаа 160 ватт/цагийн нягтшилтай натри-ион цэнэг хураагуур бүтээж, энэ технологид томоохон ахиц гаргаснаа зарласан юм. Түүнтэй зэрэгцэн БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компани 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий натри-ион цэнэг хураагуурын үйлдвэр барих гэрээ хийгээд байна. Мөн БНХАУ-ын “CATL” компани энэ оноос өөрсдийнх нь үйлдвэрлэсэн натри суурьтай цэнэг хураагуурыг зарим автомашинуудад ашиглаж эхлэхээр болсныг дөрөвдүгээр сард мэдээлж байсан юм.
Хэрэв натри суурьтай бүтээгдэхүүн үр дүнтэй нь батлагдвал дэлхийн литийн хэрэглээг ихээхэн бууруулах боломжтой. Түүнчлэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгдөж буй салбарт компаниуд илүү хямд, илүү үр өгөөжтэй үйлдвэрлэлийн аргыг эрэлхийлэх тусам металлын үнэ, хэрэглээг урьдчилан таамаглах нь хэр осолтойг харуулсан сануулга болох юм.
Натри-ион цэнэг хураагуур энергийн нягтшил бага тул том овортой цахилгаан автомашинд тохиромжгүй боловч хямд үнэтэй, нэг цэнэглэлтээр туулах зай багатай автомашинуудад өргөнөөр ашиглах боломж бий. Түүнээс гадна хэмжээ чухал биш байдаг эрчим хүчний нөөцлүүрт ч ашиглаж болно.
"BloombergNEF"-ийн тооцоолсноор натри нь 2035 он гэхэд литийн эрэлтийг 272 мянган тонноор бууруулах бөгөөд хэрэв литийн нийлүүлэлт хэрэглээг бүрэн хангаж чадахгүй тохиолдолд энэ хэмжээ нэг сая тонн ч хүрч магадгүй аж.