
Зургийг: Adrienne Surprenant/Bloomberg
Чамин тансаг, франц хийцийн “Birkin” гар цүнх дэлхий даяар чинээлэг хүмүүсийн нийгмийн статусын бэлгэдэл болж, 100 мянган ам.доллар давсан үнээр зарагдах нь бий. Гэтэл энэхүү цүнхийг дэндүү ховор, авахад хэцүү болгосноороо үйлдвэрлэгч компани “Hermes” нь АНУ-ын монополын эсрэг хуулийг зөрчиж байна гэж Калифорни мужийн хоёр ч худалдан авагч үзжээ.
“Hermes” компани “Birkin” цүнхээ хүссэн хүн бүрд зүгээр л зарчихдаггүй бөгөөд боломжит худалдан авагч компанийн бусад бүтээгдэхүүнд олон мянган ам.доллар зарцуулж байж л тэрхүү ховор ширэн цүнхийг өөрийн болгох эрх нь нээгддэг болохыг Тина Каваллери, Марк Глинога хэмээх хоёр иргэн Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна. Тодруулбал: “Birkin” цүнхийг “Hermes”-ийн веб сайтаас худалдан авах боломжгүй, дэлгүүрт нь байдаггүйгээс гадна ажилтнууд нь зөвхөн төлбөрийн чадвартай гэж үзсэн, "сонгогдсон" худалдан авагчдыг тусгай өрөөнд оруулж тэрхүү цүнхийг харуулдаг гэжээ.