
Зургийг: ЦЕГ
"Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01.06 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Онцгой байдлын аврах ангийн алба хаагч, Үндэсний аврах бригадын 200 гаруй алба хаагч шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлж ажилласан. Нийт гурван цаг 15 минут ажиллаж 02.15 цагт түймрийн тархалтыг зогсоож, 04.30 цагт галыг бүрэн унтраасан" гэж ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээллээ.
Мөн "НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван алба хаагч дэлбэрэлт болох үед эсрэг уулзвараас 40 орчим метр шидэгдэн харамсалтайгаар амь насаа алдсан"-ыг мэдээлсэн юм.
Урдчилсан байдлаар галын шалтгаан нөхцөлийг байгалийн хий (газ) тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн гэж үзэж байгааг онцлов.
Гал унтраах явцад газ дэлбэрч, томоохон хэмжээний хүчтэй дэлбэрэлт болсноор 26 дугаар хорооны "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд гал түймэр гарсан байна. 30 том хүн 17 хүүхдийг зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаад байгаа аж. Одоогоор галд өртсөн орон сууцанд эрлийн, шалгалтын ажиллагаа явуулж байгааг ОБЕГ онцолж байна.
Түлэнхийн төвийн мэдээлснээр галд өртсөн 14 хүн хүргэгдэн ирснээс дөрвөн иргэн анхны тусламж аваад буцсан бол таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүсийн биеийн 80-90 хувь нь түлэгдсэн буюу III-IV зэргийн түлэгдэлтэй биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Харин энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал тогтвортой байгааг онцлов. Түлэгдсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа гэдгийг Түлэнхийн төв мэдээллээ.
Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан. Ослын улмаас шатсан 28 автомашиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгаа гаргаад байгаа” талаар мэдээллээ.
Түүнчлэн “Хэргийн газрын үзлэг дууссаны дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх, нурах эрсдэлтэй эсэх, дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллана” гэж тодотгов.