logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Тоби Филпотт: Монголд жижиг хэрэг шийдэхэд ч хэдэн жил хүлээх шаардлагатай тулдаг
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 20 14:21
    514
    “Mongoljin Merchant Banking”-ийн дэд Ерөнхийлөгч Тоби Филпотттой ярилцлаа

    - Нүүрсний сонсголын асуудлаарх УИХ-ын Хянан шалгах хорооны эхний сонсгол боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд та үүнд ямар бодолтой байна?

    - Бага зэрэг урам хугарч байна. Нэг жилийн өмнө эсэргүүцлийн жагсаал ихээхэн хурцадсаныг бид мэдэж байгаа. Маш хүчтэй мессежтэй уриа лоозонгууд харсан, олон улсын нийгмийн сүлжээгээр ч өргөн тархсан. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой авлигын асуудлыг шийдвэрлэх олон амлалтууд байсан ч хэрэгжсэн дорвитой арга хэмжээ хараахан байхгүй байна. Энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа хүний хувьд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээсэн хүн харсангүй. Хэнийг шүүж, ял оноож, хориогүй байгаа. Тэгэхээр харамсалтай нь мэдээж энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгнө. Маш олон амлалтууд байсан ч түүнийг дэмжих үйлдлүүд хаана байна вэ? Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэж буй талаараа олон мэдээллийг тарааж байгааг мэдэж байна. Хэдий тийм боловч Засгийн газар энэ асуудалд нухацтай хандаж байгааг илтгэх үйлдлүүд хамгийн чухал гэдгийг дахин хэлмээр байна. Учир нь эцэстээ хөрөнгө оруулагчид Монгол Улсыг бусад орнуудтай харьцуулж харна. Засгийн газар нь авлигын асуудлыг шийдэхэд олон амлалт өгдөг ч түүнийг дагаад дорвитой үйлдлүүд байхгүй байгааг нь хараад тэдний итгэл буурна.

    - Маргаан шийдвэрлэх процесс нь гаднын компаниудад чухал зүйлсийн нэг. Зөвхөн энэ онд л гэхэд Засгийн газрын агентлагуудтай маргаантай буй олон уул уурхайн компани байна. Маргаан шийдвэрлэх өнөөгийн механизмын талаар та ямар бодолтой байна вэ? Мөн сайжруулах хэрэгтэй ямар дутагдалтай талууд байна гэж харж байна? Ялангуяа шүүхийн тогтолцооны хувьд. 

    - Шүүхийн оновчгүй тогтолцоо нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэгэн хүчин зүйл гэдгийг бид мэднэ. Манай компанийн хувьд ч гэсэн тодорхой этгээдүүдээс өр төлбөрөө эргүүлэн авахад зарим асуудлууд тулгарсан бодит кэйс бий. Бидний олгосон нэг зээл дефолтод орж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх нь маш төвөгтэй, хүнд байсан. Мөн маш өндөр зардалтай. Тэгэхээр шүүхийн тогтолцоо ажиллах ёстой хэм хэмжээндээ ажиллаж чадахгүй байна аа гэж бодож байна. Мөн Монголын шүүхийн тогтолцооны системд нэг талыг баримтлах хандлага байна уу даа гэсэн хардлагууд бий. Шүүхийн тогтолцоо нөлөөнд автагдсан байж болзошгүй юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад санаа зовоохуйц, сөрөг дохио өгдөг. Учир нь гаднын болон Монголын компаниуд хороонд маргаан үүсвэл шүүхийн тогтолцоо нь илүү Монголын талыг харж үзэх гэх мэт. Хоёрдугаарт, эдгээр маргааныг шийдвэрлэхэд гарах зардлууд байна. Энэ бол яаралтай шийдвэрлэх хэрэгтэй нэн тулгамдсан асуудал болоод байна.

    Үүнээс гадна Монголын компаниудын хувьд ч гэсэн шүүхийн тогтолцоотой холбоотой асуудлууд тулгардаг. Миний бодлоор процессыг хурдасгах реформ шаардлагатай гэж бодож байна. Жишээлбэл: Их Британид та бага хэмжээний өр төлбөрийн асуудал шийдүүлэхээр бол “жижиг нэхэмжлэлийн шүүхэд” хандах боломжтой. Энэ нь зардал багатайгаас гадна асуудлаа маш хурдан шийдвэрлүүлэх боломж олгодог. Баримт бүрдүүлэлтээс авхуулаад маш хурдтай үр дүн гарган авдаг. Эсрэгээрээ Монголд харьцангуй жижиг хэрэг байсан ч шийдэлд хүрэхэд хэдэн жил ч хүлээх шаардлагатай. Төвөгтэй, зүдэргээтэй, хүндрэлтэй байдаг. Мөн тодорхой тоглолтууд хийгдэж байдаг. Хүмүүс шүүхийн системийг ашиглаж байна. Татвар, төлбөрөөс оргох гэсэн хүмүүс шүүхэд маш олон асуудлаар давж заалдах боломжтой байгаа юм. Энэ бол үнэхээр шударга бус зүйл. Иймэрхүү кэйсүүд ихэвчлэн төлбөр тооцооны чадамж багатай жижиг, дунд бизнесүүдээс үүдэлтэй байдаг. Энэ нь жижиг, дунд бизнесүүдэд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхээс гадна монголчуудыг ч өөрсдийн бизнесээ явуулахад нь эргэлзээ төрүүлдэг. Учир нь тэд шүүхтэй удаан хугацаанд зууралдаж, өндөр зардалтай байна гэдгийг мэдвэл бизнес эхлүүлэх эсэхээ дахин нэг нягтлах болно шүү дээ. Тэгэхээр бизнесийн орчныг сайжруулахад шүүхийн тогтолцоог шинэчлэх нь маш чухал нөлөөтэй. Дан ганц гадаадын хөрөнгө оруулагчдад ч биш монголчуудад ч мөн адил чухал. 

    - Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуулийн асуудал мөн сүүлийн нэг жил гаруйн хугацаанд анхаарал татах сэдэв байсаар ирсэн. Газар ашиглалт, зөвшөөрөл болон бусад зохицуулалтын асуудлаар танхимууд хүртэл нэгдсэн зөвлөмж гаргаад байна. Ашигт малтмалын тухай хууль нь уул уурхайн салбарт хэрхэн нийцнэ гэж харж байна вэ? Санал болгох зөвлөмжүүд байгаа болов уу?

    - Би өнөөдөр л гэхэд хайгуулын асуудлын тухай хүмүүстэй ярилцаж байлаа. Шийдэх нэг чухал асуудал нь хайгуулын лицензтэй холбоотой. Сүүлийн хэдэн жилд тодорхой сайжруулалтууд хийгдсэн л дээ. Гэхдээ энэ нь анхаарлын төвд байдаг асуудал болохоор л тэр гэж бодож байна. Гаднынхан Монголд хайгуул хийж, улсын баялгийг ашиглаж болохгүй гэсэн үзэл бодол анзаарагддаг л даа. Хэдий тийм боловч эцсийн эцэст гаднынхан орж ирж хийхгүй бол өөр хэн хийх юм бэ? Монголд хангалттай капитал байгаа бил үү? Би лав Монголд нөөцөө ашиглахад хангалттай хэмжээний капитал байхгүй ээ гэж бодож байна. Мэдээж зарим эрдэс бүтээгдэхүүний хувьд тодорхой аюул бий. Ашиглагдах боломжгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр шинэ хуульд хайгуулын асуудлыг сайжруулсан байгаасай гэж найдаж байна. Боломжит татваруудын хувьд илүү ил тод, тогтвортой болоосой гэж найдаж байна.

    Өнгөрсөн 2012, 2013 онд Засгийн газар солигдоход үүссэн хямралыг бид мэднэ шүү дээ. Харин ирэх онд Парламентын сонгууль болох гэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралтай ажиглаж байх нэг зүйл бол намуудын хооронд зөвшилцөл байгаа эсэхийг харна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлөх боломжтой. Эсрэгээрээ 2012, 2013 онтой адилаар хууль журамд гэнэтийн эрс өөрчлөлтүүд орвол бүхий л хийгдсэн ахиц алдагдах болно. Ингэснээр хуучин хайгуулын гэрээнүүдийг хүртэл эргэн харахад хүргэх эрсдэлтэй. Жишээ нь: “Оюутолгой” төсөл үүний улмаас маш олон жилээр сунжирсан шүү дээ. Үүнийг тойрсон тодорхойгүй, тогтворгүй байдлууд их байсан. Тэгэхээр эргээд л огцом өөрчлөлтүүд бий болдог үе рүү эргэн очих уу эсвэл арай илүү тогтвортой байх уу гэдэг нь чухал. Миний хувьд шинэ ашигт малтмалын тухай хууль илүү сайжирч, батлагдаасай гэж хүсэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү дээр шийдвэр гаргахад нь туслах тогтвортой байдлыг бий болгоосой гэж хүсэж байна. Тиймээс ирэх сонгуульд намуудын хооронд тодорхой зөвшилцөл үгүй, тодорхойгүй байдлууд үүсвэл энэ нь мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй. 

    - Ирэх оны макро эдийн засгийн орчныг та хэрхэн харж байна вэ? Сонгуулийн жил шүү дээ?

    - Үнэнийг хэлэхэд бага зэрэг санаа зовж байна. Энэ талаар миний нээлттэй илэрхийлж байгаа байр суурь гэвэл хэрэв яг энэ цаг үед, энэ сонгуулийн мөчлөгт эдийн засагт илүү их мөнгө нийлүүлж, төсвийн бодлогыг сулруулбал ирэх оны сүүлийн хагаст эрсдэл бий болж, инфляц улам хөөргөдөх магадлалтай. Сонгуулийн мөчлөг гэдгийг би тодотгож хэлж байгаа юм. Үүний үр дагавар гэвэл саяхан Монголбанк мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн чангатгах шаардлага байна гэсэн дохио өгсөн шүү дээ.  Хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа хамгийн том асуудал гэвэл маш урт хугацаанд үргэлжилж байгаа төгрөгийн ханшийн уналт байна. Хэлэхэд жаахан таагүй ч үнэндээ төгрөг нэлээн олон жилийн турш маш сул дорой мөнгөн тэмдэгт байсаар ирлээ. Төв банкнаас үгүйсгэдэг ч гэсэн гадаад валютын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон нь үнэндээ хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сулруулсан. Түүнчлэн өнгөрсөн оны сүүл хагаст, аравдугаар сард Засгийн газрын бондуудын өгөөж хэсэг хугацаанд огцом өссөн л дөө.

    Макро эдийн засаг тогтворжиж, инфляцыг хяналтдаа авч, Төв банк үнэхээр хараат бус болж сав л хийвэл мөнгө хэвлэдэг байдлаасаа сална гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчид итгэлтэй болох ёстой. Саяхан "Mongoljin" дотооддоо судалгаа хийхэд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналт, инфляцын өсөлтийн хооронд 97 хувийн корреляц байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр хэчнээн их мөнгө хэвлэнэ, тэр чинээгээр төгрөгийн ханш унаж байна. Дахин хэлэхэд энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээн том эргэлзээ үүсгэнэ. Учир нь мэдээж тэд төгрөгийн ханшийн уналтыг тооцоолж шийдвэр гаргана. Мөн Монголоос валютаа гаргаж, ашгаа татан авч болно шүү дээ. 

    Эдгээр бүгд нь гол асуудлууд болж байна. Эдийн засагчийн хувьд миний бие Монголбанк инфляцыг хяналтдаа оруулна гэдэгт маш их найдаж байна. Өнгөрсөн цаг хугацаанд Монголын инфляцын түвшин барууны орнуудынхтай харьцуулбал яльгүй өндөр байсаар ирсэн. Урт хугацаандаа гэвэл харьцангуй өндөр байгаа. Тэгэхээр Монголбанк инфляцыг бүрэн хяналтдаа оруулах нь нэн чухал байна. Түүнчлэн Төв банканд жинхэнэ хараат бус байдал шаардлагатай гэж боддог. Учир нь миний ажигласнаар мөнгөний бодлого тогтооход улс төрчид байх ёстойгоосоо илүү их оролцдог шинж харагдаж байна. Их Британид тийм зүйл байхгүй шүү дээ. Жишээлбэл: Английн Төв банкны мөнгөний бодлого дээр Парламентын гишүүд хөндлөнгөөс оролцдоггүй. Бас Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогын хурлуудад Конгрессын, Сенатын гишүүд ойртох ч үгүй. Тэгэхээр миний бодлоор Төв банкны хараат бус байдлыг хүлээн зөвшөөрсөн улс төрийн соёлын өөрчлөлт хийх нь Монголбанканд ажлыг хариуцуулж өгч буйн маш том дохио болно. 

    Cэтгэгдэл бичих