
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
“Toyota Motor” компани устөрөгч, шатахуун болон бусад төрлийн түлшээр ажиллах чадалтай дотоод шаталтат хөдөлгүүрийн туршилтын загваруудаа танилцууллаа. Тус компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах уламжлалт бус технологиудын хэрэглээг түгээхийг зорьж байгаа юм.
Хэдийгээр дэлхий нийтэд цахилгаан автомашины шилжилт явагдаж буй ч “Toyota Motor”-ийн хувьд түлшээр ажилладаг автомашин нүүрстөрөгчгүйжүүлэх зорилтод томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Хэдий тийм боловч Японы автомашин үйлдвэрлэгчид БНХАУ болон барууны үйлдвэрлэгчидтэй харьцуулахад цахилгаан автомашины шилжилтэд хойрго хандаж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон юм.
“Toyota Motor” шинэ төрлийн хөдөлгүүр хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа ч цахилгаан хөдөлгүүр гол зорилт нь хэвээр болохыг мэдэгджээ. Тус компани цаашид нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах судалгаа хөгжүүлэлт болон шинэ үеийн программ хангамж хөгжүүлэх чиглэлд нэмэлтээр 3.2 тэрбум ам.доллар зарцуулахаа мөн мэдээлээд байна.