
Зургийг: Dimas Ardian/Bloomberg
АНУ-ын эдийн засаг уналтад орно гэсэн болгоомжлол буурч, Холбооны Нөөцийн банк ирэх сард бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдээд байна. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт нөхцөл байдал сайжирна гэсэн өөдрөг хүлээлт үүсгэснээр Азийн улсуудын валютын ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрч чангарлаа. Тодруулбал: “Bloomberg Asia Dollar Index” даваа гарагт 0.6 хувиар өсөж, нэгдүгээр сараас хойших дээд цэгтээ хүрээд байна. Малайзын рингит болон БНСУ-ын вон өсөлтөөрөө тэргүүлсэн бол улс төрийн хурцадмал байдал саарснаар тайланд батын ханш чангарчээ.
“Хөгжингүй орнуудын Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулснаар Японоос бусад Азийн улсуудын валют чангарах орон зай байна” гэж “Oversea-Chinese Banking Corp”-ийн гадаад валютын шинжээч Кристофер Вонг байр сууриа илэрхийлсэн байна.

Малайзын рингитийн ханш ам.долларын эсрэг 1.5 хувиар чангарсан нь 2023 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Энэ оны II улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсөөллөөс өндөр дүнгээр өссөнийг өнгөрсөн баасан гарагт мэдээлж байв. Түүнчлэн Малайз улсын хөрөнгийн захад хийгдсэн гадаадын сангуудын хөрөнгө оруулалт зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байгаа юм.