
Зургийг: Bloomberg
“Goldman Sachs” дэлхийн газрын тосны эрэлтийн урьдчилсан төсөөллөө ахиулж, тус түүхий эдийн эрэлт дээд түвшинд хүрэхэд хамгийн багадаа дахин 10 жил шаардлагатайг шинэ тайландаа онцоллоо.
Энэхүү таамаглалыг OPEC-ийн төсөөлөлтэй харьцуулахад огцом өсөх чиг хандлагатай биш ч Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас танилцуулж байсан судалгаатай харьцуулахад эрэлт илүү эрчимжих дүр зурагтай гэж дүгнэсэн байна.
“Goldman Sachs” банк 2030 оны газрын тосны эрэлтийн төсөөллөө өдрийн 2.5 сая баррелиар нэмэгдүүлж, 108.5 сая баррель болгоод байгаа юм.
Харин 2034 он гэхэд газрын тосны өдрийн эрэлт 110 сая баррель болж, оргилдоо хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Хэдий тийм боловч цахилгаан автомашины шилжилт удааширвал газрын тосны эрэлт оргилдоо хүрэх хугацаа 2040 он болж хойшилж магадгүй гэсэн өөр нэг хувилбарыг мөн танилцуулжээ.