
Зургийг: Bloomberg
Дэлхийд хамгийн томд тооцогддог уул уурхайн “BHP” компани өнгөрсөн онд томоохон өрсөлдөгч “Anglo American”-ийг 49 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавиад хэд хэдэн удаа татгалзсан хариу сонсоод байв. Мельбурнд төвтэй “BHP” энэхүү нэгдэн нийлэх хэлцлийн саналаа хойшлуулах шийдвэр гаргасныг “Financial Times” өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Хэдий тийм боловч “Anglo American” өмнөд Африк, Бразил, Австрали дахь очир эрдэнэ, цагаан алт, нүүрсний төслүүдээ зарахаар болсон нь хэлцэл үргэлжлэх магадлал өндөр болохыг харуулж байна.
“BHP”-ийн шаардлагад нийцсэн энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийснээр “Anglo American”-ийн нийт төслийн 60 хувийг зэсийн төслүүд бүрдүүлдэг болно. Хоёр компани нэгдсэнээр жилд нийт 1.9 сая тонн зэс үйлдвэрлэх тооцоотой байна.
Үүнээс гадна салбарын бусад тэргүүлэгчид болох “Glencore” болон “Rio Tinto”-ийн нэгдэн нийлэх талаар яриа хэлэлцээ өнгөрсөн онд явагдсан нь тодорхой болоод байгаа юм. Дээрх хоёр компани нэгдвэл зэсийн жилийн олборлолт нь 1.6 сая тонноор хэмжигдэнэ.
Хэрэв эдгээр мега хэлцэл амжилттай болбол дэлхийн зэсийн нийт олборлолтын 16 хувь нь хоёрхон компанид ногдох юм.
Одоогийн зах зээлийн үнэлгээгээр нь тооцвол “BHP-Anglo” болон “Rio Tinto-Glencore” хамтарсан компани аль аль нь 160 тэрбум орчим ам.долларын үнэлгээтэй томоохон компаниуд болохоор байна.