logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын гангийн салбарт хямралын эрсдэл үүсэж, үйлдвэрлэгчид гарцаа танаад байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 19 12:00
    588

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид гадаад зах зээл рүү экспортоо нэмэгдүүлснээр барууны орнуудтай худалдааны зөрчлийг нь улам хурцатгажээ

    Монгол Улсын БНХАУ-д экспортолдог нүүрсний үлэмж хувь нь гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс байдаг. БНХАУ-ын гангийн салбарыг гүнзгий удаашрал руу хөтөлж, нөлөөлөл нь дэлхий даяар мэдрэгдэх хэмжээний хямрал айсуйг ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани анхааруулаад байна.

    Гарцаа танав

    Эрэлт муудаж, салбарын хэмжээнд ашгийн маржин огцом буурснаар өнгөрсөн сард БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд өнгөрсөн сард гарцаа танах шийдвэр гаргасан байна. Долоодугаар сард БНХАУ-ын гангийн нийт үйлдвэрлэл сарын болон жилийн дүнгээр есөн хувиар буурч, 82.94 сая тонн болсон нь 2024 оны хамгийн тааруу үзүүлэлт болсныг тус улсын Статистикийн товчоо мэдээлжээ. Оны эхний долоон сарын нийт үйлдвэрлэл 613.71 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар доогуур үзүүлэлт аж.

    Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт сунжирч, үйлдвэрлэлийн идэвх хумигдаж байгаа нь дотоодын гангийн үнэ эрс буурахад нөлөөлжээ. Улмаар БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид гадаад зах зээл рүү экспортоо нэмэгдүүлснээр барууны орнуудтай худалдааны зөрчлийг нь улам хурцатгасан байна. Өнгөрсөн сард Европын томоохон үйлдвэрлэгч “ArcelorMittal” БНХАУ-ын гангийн экспортын өсөлт нь дэлхийн зах зээлийг “тогтворгүй” нөхцөлд оруулж байна хэмээн буруутгасан юм.

    “Халалт, борооноос шалтгаалан эрэлт багатай байдаг зуны саруудад гарц ихэвчлэн буурдаг. Гэхдээ  долоодугаар сарын бууралт төсөөллөөс илүү өндөр дүнтэй байлаа. Зах зээлийн хүлээлт ч бас доогуур байна. Салбар даяар үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа ч гангийн үнэ тогтворжих шинж алга” хэмээн “Mysteel Global”-ийн шинжээч Шю Шянчунь онцолжээ.

    Урт удаан өвөл

    Дэлхийн нийт гангийн долоон хувийг дангаараа үйлдвэрлэдэг “China Baowu Steel Corp”-ийн мэдэгдэл аюулын дохиог улам тодотгосон юм. Тус компанийн ТУЗ-ийн дарга Ху Ванмин хагас жилийн тайлан хурлынхаа үеэр БНХАУ-ын гангийн салбарт үүсээд буй нөхцөл байдлыг “хахир хатуу өвөл”-тэй зүйрлэсэн бөгөөд “бидний төсөөлснөөс илүү хүйтэн, илүү урт, тэсвэрлэхэд хүнд байх төлөвтэй” хэмээсэн байна.

    Тус улсын гангийн салбар 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед, мөн 2015-2016 онд ихээхэн хохирол дагуулсан уналтад орж байв. Хэдий тийм боловч аль алинд нь Засгийн газрынх нь өндөр дүнтэй дэмжлэгийн ачаар хямрал арилж байсан юм.

    Харин одоо БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн зарцуулалтаа өсгөх замаар гангийн салбарын хүндрэлийг багасгах арга хэмжээ зарлаагүй хэвээр байна. Тус салбарт олон жилийн турш “хэт үйлдвэрлэл” буюу үйлдвэрлэлийн хүчин чадал ашгаас давах үзэгдэл оршсоор байгаа. 2020 онд салбарын гарц нэг тэрбум тонноос давсны дараа Бээжингээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шалтгаанаар гарцыг өмнөх оныхоос хэтрүүлэхгүй хязгаарлах арга хэмжээ авч байв.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих