
Зургийг: The Fife Arms
“Hauser & Wirth” галерейг байгуулсан арт дилерүүд болох Иван Вирт, Мануэла Вирт нарын эзэмшдэг “Fife Arms” нь Шотланд дахь хамгийн тансаг зочид буудлуудын нэг юм. Пабло Пикасо, Лучиан Фройд тэргүүтэй уран бүтээлчдийн 16 мянга гаруй урлагийн бүтээлээр чимсэн, язгууртны хүрээлэлд танигдсан тэрхүү зочид буудалд Хатан хаан Камилла хүртэл ирж оролцдог утга зохиолын фестиваль зохион байгуулагддаг байна.
Таван одтой “Fife Arms” зочид буудлын өрөөнүүд хоногийн 574 ам.доллароос эхэлнэ. Харин тус буудлын хамгийн сүүлд гаргасан үйлчилгээнүүдийн нэг бол зочид галын дэргэд виски шимж суух бус харин зэрлэг байгальд хэрхэн амьд үлдэхийг заах сургалт юм.
Энэ намар шинээр танилцуулсан “Survival Workshop Experience” хэмээх сургалтаар амьтны арьс ашиглан хорогдох байр барих, орчин үеийн хэрэгсэлгүйгээр хоол хийх, өөрийн унагасан ангийн махыг өвчиж, эвдэх зэрэг ур чадваруудыг зааж байна.
“Ямар адал явдал хүлээж буйг бид илэн далангүй хэлж байгаа. Хэрвээ зочид модон дунд ая тухтай явган аялал хийнэ гэж төсөөлж байвал тэд эндүүрч байна” хэмээн тус зочид буудлын консьерж Даррэн Манн онцолж байв.
Цар тахлаас хойш байгальд гарч практик ур чадвараа хөгжүүлэх болон “Хүй нэгдлийн үе рүү буцах” адал явдлыг сонирхох зочдын тоо эрс өссөн болохыг тэрбээр мөн хэлж байлаа. Түүнчлэн “Fife Arms” зочид буудлаар үйлчлүүлэгчид ойр орчмын гол, нуурын тэс хүйтэн усанд сэлж болдог байна. Үйлчлүүлэгчид нь цас, бороотойд ч сэлж байхыг зочид буудлын ажилтнууд харж байжээ. Энэхүү эрэлтэд үндэслэсэн дээрх шинэ үйлчилгээ нь 600 фунт стерлингийн үнэтэй аж.
Тэрхүү адал явдалт сургалт эмзэг хүмүүст огт зориулагдаагүйг дурдах хэрэгтэй. Агнасан амьтны арьсыг өвчиж, махыг нь авч, арьсаар нь хорогдох байр хийх гээд ямар ч ажилд бүхий л үйлчлүүлэгчдийг гар бие оролцохыг шаарддаг байна. Тэд мөн хэрхэн ундны ус олж, цэвэршүүлэх болон уулын нарийн хөндийд дулаан оромж барихад суралцана.
Практик ур чадварт суралцахаар тус сургалтад бүртгүүлсэн зочдод соёлын агуулга хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлдэг болохыг Басан хэлж байв. Хөдөөгийн Шотланд орчин үеийн тав тух гарч ирэхээс өмнө ямар байсан яг л түүнийг зочид мэдэрдэг байна. Хэдийгээр сургалтад оролцогчид тэрхүү амьд үлдэх ур чадваруудыг өдөр тутамдаа ашиглахгүй ч гэсэн амьдрал амар хялбар болсон XXI зуунд байгаль эхийн талаар илүү сайн ойлголттой болоод буцдаг аж.
Харин арай бага эрч хүч шаардах арга хэмжээ хайж буй хүмүүст хэлэхэд “Fife Arms” зочид буудал цайз хэрмээр аялах, шүлгийн уншлагатай хөнгөн явган аялал зэрэг тансаг зэрэглэлд багтах хангалттай олон үйл ажиллагаа санал болгодог байна.