
Зургийг: Mercedes-Benz
G-580 EQ нэртэй тус загвар нь дотоод шаталтат хөдөлгүүртэй хувилбарынхаа хэрэглэгчдэд дасал болсон дизайныг хадгалсны зэрэгцээ бартаат замын тусгай зориулалттай хурдны хайрцаг, тусдаа үйлдэлт урд амортизатор, хүчитгэсэн хойд тэнхлэг зэргээр мөн адил тоноглогджээ. Түүнчлэн дугуй тус бүрдээ буюу нийт дөрвөн цахилгаан мотортой, 581 морины хүчтэй, замын нөхцөл байдлаас үл хамааран нэг цэнэглэлтээр 470 км зайг туулах хүчин чадалтай байх аж.
Цахилгаан G-Class-ийн үнэ 142 мянган евро буюу 152 мянга орчим ам.доллароос эхэлж байгаа бол цөөн тоогоор гаргах “Edition One” хувилбарынх нь үнэ 192 мянган еврогоос эхэлж байна. Харьцуулбал бензин хөдөлгүүртэй G-Class-ийн үнэ 143 мянган ам.доллароос эхэлдэг ч зарим хувилбарууд нь 350 мянган ам.доллар ба түүнээс дээш үнэтэй байдаг.
Шинэ G-Class-ийн эзэд “Comfort”, “Sport”, “Individual” гэсэн жолоодлогын тохиргоонуудаас сонгож болохоос гадна нэмэлт “Trail” болон “Rock” бартаат замын горимуудаас сонгон жолоодох боломжтой. Мөн товчлуур дарах төдийд автомашиныг байран дээр нь 360 хэм эргүүлдэг "G-Turn" функц, хэт налуу болон тэгш бус гадаргатай замд хурдыг автоматаар тохируулах үүрэгтэй ухаалаг "Crawl" функц нэмэгдсэнээхээ онцлог болжээ.

Үзүүлэлтийн хувьд 0-100 км/цагийн хурдыг 4.7 секундийн дотор авдаг нь одоогийн G-550 загвараасаа ойролцоогоор 1 секундээр бага боловч цахилгаан хөдөлгүүрийн онцлогоос шалтгаалж дээд хурд нь 180 км/цагаар хязгаарлагдах тул зарим хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх магадлалтай юм. Харин цэнэг хураагуурын хувьд 200 кВт-ын DC түргэн цэнэглэгчээр цэнэглэж буй тохиолдолд ойролцоогоор 30 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэх юм байна.
Хэдийгээр өдгөө цахилгаан автомашины эрэлт буурч байгаа ч бүх загваруудаа цахилгаан хөдөлгүүртэй болгоход 47 тэрбум ам.доллар зарцуулах Mercedes-ийн зорилтыг цахилгаан G-Class-ийн энэхүү нээлт бататгаж байна. 2024 оны эхний улиралд Mercedes-ийн борлуулалт 8 хувиар буурсан нь нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас гадна Германы ЗГ-ын татаас зогссонтой холбоотой болохыг компанийн зүгээс тайлбарлажээ.
Мөн компани 2024 оны орлого болон цахилгаан автомашины борлуулалтын төсөөллөө өнгөрсөн хоёрдугаар сард бууруулсан бөгөөд энэ онд нийт борлуулалтынх нь 19-21 хувийг бүрэн цахилгаан болон цэнэглэдэг хосолмол загварууд бүрдүүлэхээр байгааг онцолжээ.