
2023 онд Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөөд зогсохгүй тус улсын нүүрсний зах зээлд эзлэх хувь нь 36 хувиас 52 хувь болж нэмэгдсэн байна.
Олон улсад нүүрсний үнэ цар тахлын өмнөх үеийн түвшнээс давсан байхад Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний үнэ бусад өрсөлдөгч орнуудынхаас доогуур хэвээр байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн тойм тайланд онцолжээ.
Тодруулбал: энэ оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон коксжих нүүрсний дундаж үнэ ОХУ-ын экспортолсноос 18 хувиар, бусад түншүүдийнхээс нь 50 гаруй хувиар хямд байсан байна. Энэ нь нүүрсээ боловсруулах хүчин чадал хязгаарлагдмал, экспортын зах зээлийн төвлөрөл, ил тод байдал зэрэгтэй холбоотой байж магадгүй гэж Дэлхийн банк үзжээ.