
Зургийг: parliament.mn
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын бараг 30 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын үйл ажиллагаанд асуудал тасрахгүй байгаагийн гол шалтгаануудын тоонд тогтворгүй, харилцан уялдаагүй хууль, зохицуулалтууд орж байна.
Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр ямар асуудал, баримтууд хөндөгдсөнийг хүргэж байна.
7 удаагийн өөрчлөлт
1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш хуульд хайгуулын лиценз олголттой холбоотой долоон удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ. 2006 оноос лицензийг өргөдөл болгон сонгон шалгаруулалтаар олгож эхэлсэн бол 2010 онд лиценз олголтыг бүр зогсоосон, 2017 оноос зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог болсон гэх мэтээр өөрчлөлтүүд гарсаар ирсэн байна.
Сонсголын эхний өдөр Хянан шалгах түр хорооны шинжээчийн танилцуулсан онцлох мэдээлэл, баримтуудаас хүргэвэл:
- Эрдэс бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдээс 2023 онд 133 нь тусгай зөвшөөрөлтэй байсан бол 193 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлгүй байжээ.
- Идэвхтэй байгаа тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй 1773 хуулийн этгээдийн хувьцааг нийт 2941 хувь хүн, байгууллага ямар нэгэн байдлаар эзэмшиж байна.
- Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож, удаа дараа өндөр үнийн санал өгч шалгараад зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж, тухайн талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тохиолдлууд байна.
- Иргэнд өмчлүүлсэн газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгосон байдал Говьсүмбэр аймагт хамгийн их байна.
1997-2023 оны хооронд хайгуулын 14 мянга 299 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгогджээ. Тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн 2022 оноос хойш сонгон шалгаруулалтаас улсын төсөвт 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, мөн 2023 оны байдлаар 4.15 их наяд төгрөгийн АМНАТ төлөгдсөн зэрэг тоо баримтууд дурдагдав.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэвэл МАК болон Гацуурт компани ашиглалтын хамгийн олон лиценз, “Цайна Инвэстмент Монголиа” компани хамгийн их хайгуулын лиценз эзэмшиж байгаа аж.
Сонсголын үеэр гэмт хэргийн шинж чанартай, авлигын шинжтэй, үгсэн хуйвалдаж буруутай үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний талаар яригдаж байгаа мэдээлэл, баримт, нотлох материалыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, нарийвчлан нягтлан шалгах ёстой гэдгийг Хянан шалгах түр хороо тодотгож байлаа.
Тогтворгүй байдал гол асуудал
Монгол Улсад хайгуулын лиценз олголт сүүлийн жилүүдэд саараад байна. Нийт газар нутгийн 75 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад байдаг тул үлдсэн 20 гаруй хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байгааг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци мэдээлж байв.
Хууль, эрх зүйн тогтворгүй байдал Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад хамгийн том саад учруулж байгааг тус байгууллага онцолсон юм.
Монгол Улсад хуулиа өөрчлөх болгонд Төрийн оролцоог нэмэгдүүлээд байгаа нь ажиглагдаж байна. Бусад орнуудад хуулиар хориглоогүй бол зөвшөөрөгдсөн гэдэг ойлголт байдаг. Харин Монголд хууль нь байхгүй бол хориглогдсон гэж ойлгох хандлага харагддаг.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com