Зургийг: Waldo Swiegers/Bloomberg
Дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP салбарынхаа өөр нэг аварга болох 107 жилийн түүхт Anglo American-ийг 38.8 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьжээ. Уг хэлцэл амжилттай болбол тус салбарт сүүлийн арваад жил байгаагүй том өөрчлөн байгуулалт хийгдэж, хоёр компанийн нийлсэн зэс олборлолтын хэмжээ бусад өрсөлдөгчдийнхийг хол хаях юм.
Саналд тусгаснаар хоёр компани заавал дагаж мөрдөх гэрээ байгуулж, Anglo American-ийн бүх хувьцааг BHP худалдан авахын сацуу хэлцлийн өмнө Anglo Өмнөд Африк дахь цагаан алт, төмрийн хүдрийн компаниудад эзэмшдэг хяналтын хувьцаануудаа шилжүүлж өгөх нөхцөл тусгагджээ. Мөн компанийн нэгж хувьцаа тус бүрийг 25.08 фунт стерлингээр үнэлж байгааг BHP мэдээлсэн нь Anglo-ийн одоогийн хувьцааны ханшаас 14 хувиар өндөр дүн юм.
Anglo America компанийн төлөөлөн удирдах зөвлөл BHP-ийн саналыг хянаж байгаа ч хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгааг мэдээлсэн байна. Тус компанийн хувьцаа сүүлийн нэг жилийн хугацаанд 12 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 34 тэрбум ам.доллар болсон бол BHP-ийн зах зээлийн үнэлгээ 149 тэрбум ам.доллар байгаа юм.
2023 онд Anglo American-ийн нийлүүлдэг гол түүхий эдүүдийн үнэ буурсны дараа ашиг нь огцом унаж, ногдол ашгийн хэмжээгээ багасгасан тухай мэдээлж байв. Уул уурхайн томоохон компаниудын хувьд Anglo American нь нэгдэн нийлэх хэлцэл хийх боломжтой бизнесүүдийн нэгт тооцогдсоор иржээ.