
Зургийг: Kamran Jebreili/AP
COP28-ийн үеэр 22 улс 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх тунхаглалд нэгдлээ. Үүнд Монгол Улс, БНСУ, АНУ, Япон, Их Британи, Канад зэрэг улс багтаж байна.
Энэ хүрээнд атомын цахилгаан станцуудын аюулгүй ажиллагаа, тогтвортой байдал, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, өндөр стандартад нийцүүлэн хариуцлагатай ажиллуулах, түлшний хаягдлыг урт хугацаанд хариуцлагатай зохицуулах талаар дотоодын арга хэмжээ авах зэрэгт анхаарах шаардлагатай аж.
Мөн COP28-ийн зохион байгуулагч орны зүгээс санаачлан хэрэгжүүлэхээр ярьсан гурван тунхаглалын баримт бичигт Монгол Улс нэгдэхээ илэрхийлсэн юм. Эдгээрт тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо, эрүүл мэнд, уур амьсгалын асуудалд холбогдох баримт бичгүүд багтаж байгааг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээллээ.
Үүнээс гадна Монгол Улс эдийн засгаа ногооруулахад ойролцоогоор 11 тэрбум ам.долларын ногоон санхүүжилт татах шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд COP28-ийн үеэр мэдэгдэж байв.