
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улсад хотжилт эрчимтэй нэмэгдэж, суурин газрын хүн амын нягтаршил Зүүн Азийн бүс нутгийн дунджаас давсан байгааг Дэлхийн банк мэдээллээ. 2000 онд нийт хүн амын 57 хувь нь хот суурин газар амьдарч байсан бол 2022 оны байдлаар 69 хувь болж өсөөд байгаа юм.
Ингэснээр хотын албан бус суурьшлын бүс эрчимтэй тэлж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүдийг бий болгож буйг Дэлхийн банк онцолж байна. Тухайлбал: үер зэрэг байгалийн гамшигт өртөх эрсдэл нэмэгдэж, хот орчмын ногоон бүс хурдацтай багасах шалтгаан болж байгаа аж.
Улаанбаатар хот 2017-2021 онд ногоон бүсийнхээ 40 хувийг алдаж, ойн бүс хумигдсаныг Дэлхийн банкны тайланд онцолжээ.
Мөн хотжилт тэлж буй Дархан-Уул аймгийн ногоон бүс жилд дунджаар 1.2 хувиар багасаж байгаа бол Эрдэнэтийнх жилд 0.1 байснаас 3.3 хувь болж эрчимжсэн байна. 2040 он гэхэд Эрдэнэт буюу Орхон аймгийн ногоон байгалийн 32 хувь нь устах төлөвтэйг тодотгов.
Засгийн газраас 2016-2030 онд ойн нөөцийн хомсдолыг багасгаж, ойгоор бүрхэгдсэн талбайг 1.9 сая га-гаар нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм. Иймд цаашид газар хуваарилалтын бодлогыг эргэн харах, цомхон хот төлөвлөлт буюу дамжин өнгөрөх тээвэрт чиглэсэн хөгжлийг дэмжих нь зүйтэй зэрэг зөвлөмжийг Дэлхийн банк гаргасан байна.